“Тахианы мах, махан бүтээгдэхүүний импортыг хориглох шийдвэр гарлаа“
Улсын онцгой комисс хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ халдвар оргил үедээ хүрч байна гэж дүгнэж байгаа.
Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа.
Мөн иргэд нэвтэрч буй дөрвөн хилийн боомт дээр Улсын онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллахаар боллоо.
Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.
Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд маргааш өглөө Улсын Онцгой комисс дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.
Бас нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй.
Тиймээс өнөөдөр Эрүүл мэднийн яамнаас аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэр гаргана" гэв.