Катар улсын онгоцны буудалд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог системд монгол иргэдийг хамруулахаар болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар улсын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Катарын нийслэл Доха хотноо боллоо.
Зөвлөлдөх уулзалтад тус тусын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Катарын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Ахмад Хассен Аль-Хаммади нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтын тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ахлах албан тушаалтны түвшинд тогтмол санал солилцох нөхцөл бүрдэж байгаа юм.
Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, улмаар худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нөөц бололцоог бүрэн ашиглахын төлөө аль аль талаасаа анхаарч ажиллах, эдгээр салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд спорт, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүдийг байгуулахаар тохиролцож, албан, дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах тухай, зэрлэг амьтан, ургамал хамгаалах тухай зэрэг хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар тогтлоо. Улмаар Катарын тал онгоцны буудалд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог системдээ Монгол Улсын иргэдийг хамруулахаар болов.
2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форум, Залуучуудын ногоон наадамд Катарын талаас төлөөлөгч оролцуулахыг манай тал урив. Мөн үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Катарын Хөгжлийн сангийн Ерөнхий захирлын орлогч Мисфер Хамад Аль-Шахваанитай уулзаж, катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцаж, холбогдох судалгааг гардуулж өгч, дэмжлэг хүсэв.
Манай хоёр улс 1988 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Катарын Засгийн газар Улаанбаатар хотноо болсон олон улсын хурлыг зохион байгуулах, 2006 оны Дохагийн Азийн тоглолтод манай улсын 350 гаруй тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүсийг оролцуулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Мянганы зам төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлснийг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 60 гаруй км зам тавихад ашиглажээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
|