Ч.Улаан сайд махны үнийг толгойгоороо ХАРИУЦСАН БИЛ ҮҮ?
Коронавирусын халдвартай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа адууны махны үнэ 13 мянгад хүрсэн нь зүгээр ч үнийн хөөрөгдөл биш бололтой. Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөг байна. Харин үхрийн мах 11 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ 4-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байна. Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд хүндхэн тусч байгаа нь мэдээж. Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Гэвч махны үнэ талийж өглөө. Уг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх товч бөгөөд тодорхой, үүрэг даалгавар өгсөн удаатай.
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг. Ийм л үүрэг даалгавартайгаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ажлаа хийж байгаа. Гэвч үүнээс хойш даруй дөрвөн сарын дараа махны үнэ 13 мянгад хүрчихлээ. Өвлийн улиралд иргэд мэдээж идэшээ базаачихдаг учраас махны үнэ харьцангуй тогтвортой байдаг. Харин саяхнаас нэмэгдэж эхэлсэн, арга хэмжээ авахгүй бол толгойтой чинь ярина гэчихсэн байсан шүү, Ч.Улаан сайд аа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.31 БААСАН № 21 (6246)