Л.Мөнхтүшиг: Маргааш Эрээн рүү дөрвөн автобус явуулж 200 орчим иргэнээ авчирна
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Коронавирусийн голомтоос 31 иргэнээ авчрах чиглэлээр ажиллаж байна. Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Бусад бүх асуудалд бүх байгууллага дээр хамтарч ажиллаад бэлэн байдлыг хангасан.
Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байна. Бусад улсууд ч хүлээлттэй байна.
Ухань хот өөрөө хөл хорио тогтоосон байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа ч монгол иргэдийг авчирхад Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.
Мөн БНХАУ-д байгаа манай иргэд өөрсдийн хүсэлтээр олноороо эх орондоо ирж байна. Үүнтэй холбоотойгоор бид Хятадын талд тасралтгүй хүсэлт тавьсны эцэст маргааш 4 автобус явуулж Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авчрахаар болсон.
Иймд тэнд байгаа иргэд маргаашдаа амжих автобусанд суухийг хүсье. Хэрвээ автобусанд сууж амжаагүй нь төмөр замын болон агаарын замын боомтоор дамжин эх орондоо ирж болно.
ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд одоогоор нэгд нь ч коронавирусийн шинж тэмдэг илрээгүй" гэв.