УИХ-ын сонгуулийн жил учир СУРАГЧДЫН ӨВЛИЙН амралтыг сунгахгүй
Нийслэлийн сурагчдын II дугаар улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 13-ны өдөр хүртэл 21 хоног үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сурагчид хавар мал төллөх үеэр нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү буюу 14 хоног амардаг юм.
Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн гэж мэдэгдсэн.
Бид энэ талаар Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Аймаг, дүүргүүдийн онцгой комисс хуралдаад сурагчдын амралтын сунгах эсэх хүсэлтээ гаргах, үгүйгээ шийддэг. Хэрвээ сунгах хүсэлттэй бол хүсэлтээ манай яам руу хүргүүлдэг. Түүнийг манай яам хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогоор ямар нэгэн хүсэлт ирээгүй байна” гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хүсэлтийн тухайд Ё.Баатарбилэг сайд доорх хариултыг өгсөн юм. Учир нь сурагчдын амралтыг сунгах эсэх нь сайдын эрх мэдлийн хүрээний асуудал юм.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна.
Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэлээ.
Мөн өөр нэг эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Энэ жил УИХ-ын сонгуулийн жил учраас хуулийн дагуу зургадугаар сардаа багтаагаад сурагчдыг амраах чиглэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр сурагчдын хичээллэх хугацаа сунахаар үр дүнгүй цалгардах гээд байдаг учраас сурагчдын амралтыг сунгахгүй болов уу. Энэ бол зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээний асуудал. Одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм. Энэ бүхнээс харвал сурагчдын амралтын сунгахгүй бололтой.
Эх сурвалж: isee.mn
|