ЗАСГИЙН ГАЗАР: Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоох шийдвэр гаргажээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг 1 жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2,889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1,225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл.
Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг даруйхан оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо.
Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. "гэв.
Одоогоор ашигт малтмалын хайгуулын 1,225 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 1999-2006 онд олгогдсон 76, 2007-2011 оны 314, 2012 оноос хойших 835 байгаа аж.
ШУУД ҮЗЭХ: