Н.Цэрэнбат сайд эрх мэдлээ ашиглаж, ТӨСВИЙН МӨНГӨӨР туйлж байна

2019 оны 12 сарын 18
Тэрбээр хамаарал бүхий компанидаа нийт 10 орчим тэрбум төгрөгийн тендер өгчээ

Arslan.mn

Зах хязгаар нь үл мэдэгдэх цагаан тал үргэлжилнэ. Дөрвөн зүг, найман зовхист өвч битүү цасан хөшиг татжээ. Манан дундаас цавцайн харагдах талд овоолсон шороо харагдана. Тийм гэхийн аргагүй тэмдэг тэмдэглэгээгүй талд хашаа хатгаж, энд тэнд шороо овоолсныг үзвэл эл газарт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэж хармаар. Нөгөө талдаа нутгийн иргэд мал тууж өнгөрөхдөө саатдаг газар мэт. 

Гэвч энэ бол Увс аймгийн Хяргас суманд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багцаас хөв цөөрөм барихаар эхлүүлсэн ажил ажээ. Тэрбээр өөрийнхөө хамаарал бүхий компанид уг тендерийг өгсөн тухай бид “Увсын төсөв ураг төрлийн хэлхээ” цуврал нийтлэлүүдэд хөндөж байсан. Газар дээр нь нөхцөл байдал ямар байгааг сурвалжилж яваа нь энэ юм. 

Манай сурвалжлах багийг очиход харуй бүрий болж байв. Гэсэн ч нутгийн иргэдтэй уулзахад хөв цөөрөм барьж байгаа талаар ихэнх нь мэдээлэлгүй. Мэдээлэлтэй нэг нь буруу газар барьсан, хэдэн жилийн дараа хүн, мал унаж үхсэн үмхий устай лаг болж хувирна хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Ингэх нь ч аргагүй. Учир нь, Хяргас суманд хөв цөөрөм барих ажил сүүлийн 20 орчим жил яригджээ. Ингэхдээ тус сумын нутагт байрлах Хангилцагийн голыг түшиглэж барихаар ярьж ирсэн ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэлгүй өнөөг хүрсэн байна. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төрөлх нутаг Хяргас сумаасаа УИХ-д сонгогдсон. Тэрбээр, олон жил ярьсан хөв цөөрөм байгуулах ажлыг албан тушаалаа ашиглан зүтгүүлж эхлүүлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм. Уг ажлыг “Хүрд”, “ССТ-Од” компани түншлэл хэлбэрээр хамтран хийж гүйцэтгэж буй. Тодруулбал, ССТ-Од компани Увс аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Баатарсангийн аав н.Эрдэнэбаатарынх. Э.Баатарсангийн эхнэр Н.Цэрэнбат сайдтай үеэлүүд юм. “ССТ-Од” компани тендерт дангаараа оролцох гэсэн боловч мэргэжлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх шалгуурт унасан учраас сантехник угсралтын “Хүрд” компанитай хамтарчээ. “Хүрд” компанийн захирал С.Энхжаргал “Хөв цөөрмийг ямар газар байгуулах нь бидэнд хамаагүй. Бид тендерт шалгарсан учраас ажлаа хийж байна. БОАЖ-ын сайдын багцаас 4.2 тэрбум төгрөгөөр хийхээр болсон. Энэ жил уг мөнгөний хоёр тэрбумыг нь авч ажлаа эхлүүлээд байна. Одоо газар хөлдсөн учраас ажлаа зогсоосон. Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл ямар нэг ажил тэнд хийхгүй” гэх тайлбар өгсөн юм. 

Газар дээр нь очиж үзэхэд овоолсон шорооноос өөр бүтээн байгуулалтын ажил өрнөөгүйн дээр Хяргас сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг жимс жимсгэнэ тариалдаг гурван аж ахуйн нэгжтэй газрын маргаантай байгаа аж. Энэ аж ахуйн нэгж олон жил тус суманд үйл ажиллагаа явуулж, сумын иргэдийг жимс, хүнсний ногоогоор хангаж иржээ.  

ХӨВ ЦӨӨРМИЙГ БУРУУ ГАЗАР БАРЬЖ БАЙГАА ЮУ

Хяргас сум анх нүүж ирж энэ газраа төвхнөхөд бүх талбай нь газар тариалангийн чиглэлд байжээ. Хяргас сумын дэнжид мод, ногоо тарихад хөв цөөрөм хэрэгтэй гэж үзсэн байна. Сумын төвөөс нэг км орчимд хөв цөөрөм байгуулахаар Билүүтий голыг түшиглэн уг ажлыг эхлүүлээд буй юм. Сумын төвийн дээд хэсгээс цас, борооны болон шар ус орж ирнэ гэж тооцсон аж. Гэвч Хангилцагийн голыг түшиглэж барьсан бол Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйг түшиглэн 6000 га газрын усалгааны асуудлыг шийдэх бүрэн боломжтой байжээ. 

Үүгээр зогсохгүй тус аймгийн зэргэлдээх Зүүнговь, Баруунтуруун сумын аж ахуйн нэгжүүдийн талбайг услах боломж байсан гэнэ. Нэгэнт Билүүтийн голыг түшиглэж хөв цөөрмийн ажил эхэлсэн учраас дээр дурдсан сумдын аж ахуйн нэгжүүдийн талбайг услах ямар ч боломжгүй аж. Тэнд очиход дор хаяж 20-25 км шугам татах шаардлага үүсчээ. 

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН ХАМААТНУУД ОЛОН ТЕНДЕР АВЧ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧЖЭЭ

Увс аймагт энэ онд 102 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэхээр төсөвлөжээ. Үнийн дүн өндөртэй голлох тендерүүдийг “Дүрт уул”, “Ундрах бүтээмж”, “Ундрах петролиум”, “Жангар од”, “Мөнхжим өргөө”, “Ундарга констракшн” “ССТ-од”, “Ус эрдэнэ” зэрэг компани авсан байна.  

“Ундарга констракшн” гэхэд Наранбулаг суманд 640 хүүхдийн суудалтай сургууль 3.8 гаруй тэрбум төгрөгөөр барина. Мөн Улаангом сумын эрүүл мэндийн төвийн барилгыг 350 сая төгрөгөөр барихаар төсөвлүүлжээ. Тус компани Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Т.Алтангэрэлийн хамаарал бүхий аж ахуйн нэгж. Тэрбээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын үеэл юм. 

УИХ, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат ах, дүү хамаатан садандаа тендер авахад давуу эрх олгоод зогсохгүй Увс аймгийн Монголбанк, Иргэний нисэхийн газрын даргаар өөрийнхөө үеэлүүдийг томилуулжээ. Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Цогт-Очир 2016 оны сонгуулиар түүний штабын ерөнхий менежерээр нь ажилласан.  
Н.Цэрэнбат сайдын үеэл дүүгийн нөхрийн компани Улаангом сумын III сургуулийг дулаанаар хангаж, жил бүр улсын төсвөөс 180 сая төгрөг авдаг байх жишээтэй.

Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж Хяргас суманд “МАНАН бүлэглэл үүссэн. Улстөрчид бие биенийгээ шантаажилдаг байдал газар аваад байгаа. Уг нь эхний ээлжинд төсвийн байгууллагыг бэхжүүлэх ёстой баймаарсан. Иргэд нэн түрүүнд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах ёстой. Энэ нийтлэг эрх ашгийн төлөө ийм ажлуудаа хийх байсан ч хөв цөөрөм мэт үр өгөөж муутай зүйлд төсвийн хөрөнгийг захиран зарцуулаад байна. Асуудлаа эрэмблэхдээ нэн тэргүүнд хийх ёстой ажлаа эхэнд тавимаар байгаа юм. Тухайн байгууллагуудын орчин бүрдэж чадахгүй учраас алслагдсан суманд төрийн үйлчилгээ авч чадахгүй байхад манай тойргоос сонгогдсон Н.Цэрэнбат гишүүн төсвийн хөрөнгийг буруу зарцуулж байна. Үүнд нутгийн иргэд бид шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээсэн юм.

Үргэлжлэл бий.  

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611704
1 эможи

Зочин
2019-12-18 14:20
ИРГЭН
2019-12-18 12:17
ЭНЭ УВСЫНХАН ГЭЖ ЯАЧИХСАН АМЬТАД БАЙДАГ ЮМ БЭ?МӨНГӨ УЛААН НҮД ЦАГААН ГЭГЧЭЭР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭЦЭГ ЭХЭЭ АЛЖ ЭХНЭРЭЭ ХҮНИЙ ӨВӨРТ ӨГӨХӨӨС Ч БУЦАХАА БАЙЧИХСАН НОВШНУУД ЮМ БАЙНА.ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ 4 ШИЙР МАХ БИШ ГЭДЭГ ҮГ ХАТУУ НИЙГЭМД ГАРЧ БАЙСНЫГ БОДОХОД ҮНЭН БАЙЖ ЭЭ.ОДОО УИХ-ЫН 3 ХУЛГАЙЧЫГ ХАР ДАА.ТЭД УДАХГҮЙ ДЭЭЛЭЭ НӨМРӨХ БОЛНО ШҮҮ.
keyboard_arrow_up