ШУУРХАЙ: ХХҮЕГ-ын дарга, дэд даргыг ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ шалгаж, ажлаас нь түдгэлзүүллээ
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв.
Түүгээр ч зогсохгүй өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ. Энэ талаар хууль сахиулах байгууллагынхан болон НПГ-ынхнаас тодруулахаар хандахад одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэхээс илүүг хэлсэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоныг нэрээ хэлэхийг хүсээгүй, удирдлагад нь ажилладаг ажилтнууд хэлсэн юм.
“УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг. Үүний дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийнхэн шаардлага хангасан хэмээн 6-7 иргэн, 20 орчим аж ахуйн нэгжийг шалгаруулан сайд Н.Номтойбаяраар тушаал батлуулан нэгж төслийн төсвийг 200 сая төгрөг байхаар тооцож, дөрвөн тэрбум төгрөгийн зээл хүүгүй олгосон.
Харамсалтай нь дээрх ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж байгаагүй. Ажлын хэсэгт багтсан манай зарим ажилтан санаа нь зовж, нэг бус төслийнх нь бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан ч дарга нар “Санаа зоволтгүй, яамнаас шийдвэртэй учир шууд гарын үсгээ зур” хэмээн тулган шаардаж зуруулж байсан гэдэг. Энэ талаараа мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн хэмээн манайхны дунд яриа байна” хэмээлээ. Хууль, журмаа зөрчсөн дээрх болон өөр бусад эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий 20 аж ахуйн нэгжийн болон иргэдийн төслийн нэрийг бичиж, хурал зохион байгуулсан мэтээр тэмдэглэл зохион бичээд гишүүдээрээ гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. Улмаар тэр 20 аж ахуйн нэгжид тус бүр 200 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон нь батлагдаж буй сурагтай.
Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх” хэмээн заасан байгаа юм. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон болох нь хангалттай нотлогдож буйг эх сурвалжууд баталсан. Улмаар тэднийг өнгөрсөн лхагва гаргаас эхлэн ажлаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа гэнэ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин Г.Равжаа
|