Ц.Нямдорж: Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг нэг ч цаг алдалгүй суллах ёстой
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас өнгөрсөн хавар байгуулсан. Энэхүү түр хорооны гишүүд өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.
Түр хороо шударга шүүхээр шүүлгээгүй, эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзжээ.
ОУПХ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг албан ёсоор тогтоосон гэдгээ түр хороонд мэдэгдсэн байна. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд 23 албан тушаалтан болон Б.Содномдаржаа, ТЧимгээ, тэдний гэр бүл, өмгөөлөгч нартай хэд хэдэн удаа уулзжээ. Ингэснийхээ дараа энэ хэргийг шийдвэрлэхийн тулд хуурамчаар нотлох баримт цуглуулж, тэдэнд хилс хэрэг хүлээлгэснийг тогтоосон гэжээ.
Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж, тамлуулсны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна. Энэ шийдвэрийг Түр хороо дэмжиж буй гэнэ.
Энэ талаар Түр хорооны гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шүүх энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Энийг нуух юм байхгүй. Засгийн газрын тогтоолоор хэрэг нууцаас гарсан. Гэтэл зарим хүн нууцаас гарга гэсэн шаардлага хүргүүлж, дахиад хугацаа хожих гэж байна. Энэ асуудлыг будилуулсан бүх шүүгч нар албан тушаалдаа хэвээрээ байгаа. Ялангуяа дээд шүүхэд. Ерөнхий шүүгч нь солигдсон ч хуучин ерөнхий шүүгч нь одоог хүртэл ажлаа хийж байгаа. Тэд нар арьсаа хамгаалахын тулд анхан болон давж заалдах шатны шүүх дээр хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг эвлүүлэг байсан гэж ярьж байна. Ямар ч эвлүүлэг байхгүй. Эвлүүлэг хийх ямар ч боломж байхгүй. Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг нэг ч цаг алдалгүй суллах ёстой” гэв.