Монгол, ОХУ-ын Засгийн газар хил орчмын хамтын ажиллагааг дэмжинэ
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
Хэлэлцээрт эдийн засаг, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Мөн бүс нутаг, хил орчмын худалдааг идэвхжүүлэх, худалдааны горимыг либералчлах,дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтрахаар заасан байна.
Хэлэлцээрийн төслийг ноднин хоёрдугаар сарын 26-нд ОХУ-ын Москва хотод болсон Монгол, Оросын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 13 дугаар хуралдаанаар үзэглэж батлуулахаар тохирсон юм.