ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2019 оны 11 сарын 06
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт эдийн засаг, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Мөн бүс нутаг, хил орчмын худалдааг идэвхжүүлэх, худалдааны горимыг либералчлах,дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтрахаар заасан байна.
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутагт байгаа аливаа орон сууц эзэмшигчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, нэмэгдүүлэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээнд тодорхой хувиар тооцож ногдуулдаг нийтлэг зарчимтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
- “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг”, “Дэд бүтцийн хөгжил-Согинохайрхан дүүрэг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын хөргөлттэй агуулах бүхий мах боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш хоёр хүртэл жилээр хойшлуулахыг зөвшөөрөв. Хоногт 7500 бог, 1500 бод төхөөрөх үйлдвэр, 11000 тн багтаамжтай агуулах, малын зах, худалдааны төв байгуулах ажил 60 орчим хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610129
0 эможи
Зочин
2019-11-06 20:33
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс