Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар боловсрол, спортын салбарын зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд:
Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохыг судалж үзэхээр болов.
Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг шинэчлэн төсөвт багтааж, 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг шинэчлэн баталж 2021 оны төсөвт тусгахаар боллоо.
Спортын салбар, тамирчид, өсвөр үе, залуучуудад допингийн эсрэг сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнгийн менежмент хийх чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрөв.