2020 ОНЫ ТӨСӨВ: Ерөнхий сайдын нутаг Хэнтийд хамгийн их мөнгө хуваарилагдав
-УУЛ, УУРХАЙГААС ОЛОХ АШГИЙГ ХЭТ ӨНДӨР ТӨСӨӨЛСӨН НЬ
ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЖ ЭХЛЭВ-
УИХ энэ долоо хоногт Монгол улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн тэнцлийг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон юм. Ингэснээр төсвийн зардал ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэнэ. Ирэх онд Уул уурхайгаас 3.2 их наяд төгрөг олно гэж тооцоолсон нь үндэслэлгүй, судалгаагүй байна гэх шүүмжлэл байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилд уул, уурхайгаас олсон ашгийг 24 хувиар нэмэгдүүлсэн тооцоолол юм.
Учир нь Уул, уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэдгийг өнөөдөр урьдчилж хэлэхэд төвөгтэй. БНХАУ долоо хоногийн хугацаанд нүүрсний татан авалт хийхгүй бол бид хүндхэн нөхцөл байдалд ордог билээ. Уул, уурхайгаас их өндөр ашиг олно гэсэн төсөөлөл нь БНХАУ-аас хамаардаг учир энэ талаар мөрөөдөхөд эрт.
Монгол улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам. доллар байгаа юм. Үүнээс 18.2 тэрбум ам доллар нь ААН-ийн авсан өр. Арилжааны банкуудын тавьсан өр 2.2 тэрбум ам доллар бол Монгол улсын Засгийн газар долоон тэрбум ам долларын өртэй байгаа юм.
-ГОМДОЛТОЙ ГИШҮҮН ОЛОН БАЙНА-
2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор цалин, тэтгэвэр, тэтгэмж тодорхой хувиар нэмэгдэнэ. 2020 оны төсөв зарлага нь нэмэгдсэн нь үүнтэй холбоотой. Мөн УИХ-ын гишүүн бүр сонгуулийн жил тойрогтоо ажил хийчих санаатай хөрөнгө оруулалт татахаар хичээж байна. Гэтэл аймгуудад хуваарилсан төсвийн хуваарилалт шударга бус байна гэх гомдолтой гишүүд олон байгаа аж. МАН сонгуулийн жилд төсвийн ихэнх мөнгийг санал авахад голлон зарцуулж байна.
Тухайлбал, Ирэх онд аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Хэнтий аймагт хамгийн өндөр буюу нийт хэрэгжүүлэх 94 төсөлд 131 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Хэнтий аймгийн дараа Ховд аймгийн 48 төслийг 48 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөжээ. Хэнтийгээс бусад аймгуудад хэрэгжих төслийг нийт 48-1 тэрбум төгрөгийн хороонд санхүүжүүлэхээр болсон байна.
Тэгэхээр Хэнтий аймаг бусад аймгаас нэг дахин заримаас нь 10 дахин их төсвийг суулгуулсан байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Бэрх тосгонд суулгасан 27.8 тэрбум Дорнод аймгаас давж байх жишээтэй байна.
Энэ нь ирэх онд Ерөнхий сайд Хэнтийд нэр дэвшихтэй холбогдуулан “замаа засч” эхэлсний илрэл гэж харж болохоор байна.
Аймгуудын төсөвлөгдсөн төсөв
Дүүргүүдэд төсөвлөгдсөн төсөв
2020 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд
Эх сурвалж: isee.mn
|