2020 онд ТӨРИЙН албан хаагчдын орон тоог 3300-аар НЭМНЭ
УИХ энэ долоо хоногоос эхлэн 2020 оны улсын төсвийг хэлэлцэх болж, Засгийн газар их тулааны бэлтгэлээ хангаж байгаа билээ.
Жил бүрийн төсөв батлагдах үеэр хөндөх асуудал бол төрийн алба хаагчдын тоо байдаг. Учир нь 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэхээр тооцжээ.
УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг гэдгийг албаны хүмүүс тайлбарладаг.
Харин орон тоо өсөхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.
Урсгал зардлыг ийнхүү нэмэх болсон шалтгаан нь шинээр ашиглалтад орж байгаа
- сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо,
- эмнэлэгт 403,
- Мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо нэмэгдэх юм байна.
Бусад орон тоог салбараар авч үзвэл ,
- Шинээр хууль тогтоомж баталсантай холбоотойгоор байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228,
- “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо
- , гал унтраах аврах анги, эрэн хайх аврах бүлэгт 139 орон тоо,
- мэргэжлийн хяналтын байгууллагад 69 орон тоо,
- Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61,
- мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60,
- прокурорын 50,
- Хил хамгаалах ерөнхий газарт 43,
- шүүгч 20,
- гаалийн лабораторид 19,
- Санхүүгийн зохицуулах хороонд 10,
- Цагдаагийн ерөнхий газарт 5,
- шинээр байгуулагдсан хилийн заставт 12,
- хар тамхитай тэмцэх мөрдөгчийг 46, аймаг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 39,
- Төрийн албаны зөвлөлд 16,
- Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт шинээр хороо байгуулагдсан тул 22 орон тоо тус, тус нэмэгдүүлэхээр оруулж иржээ.