Сайжруулсан түлшний 220 тэрбум төгрөг ХААЧИВ
-Ц.Даваасүрэн сайд нүүрсний төсвийг зувчуулсан уу-
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ажлын албаны дарга буюу ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар эрчим хүчний нүүрсээр шахмал түлш хийх албан бичгийг жил гаруйн өмнө үйлдэж байжээ.
Учир нь Засгийн газар буюу дээр нэр дурдсан хүмүүс эрчим хүчний илчлэг өндөртэй нүүрсийг Ухаа худгаас үнэ төлбөргүй нийлүүлэх саналыг “Энержи ресурс” компанид тавьж, шалсаар гэрээ байгуулсан байна. Үүнийх нь дагуу тус компаниас 6300 ккал илчлэгтэй 800 мянган тонн эрчим хүчний нүүрсийг Засгийн газарт нийлүүлжээ. Энэхүү нүүрсний илчлэгийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн магадлан итгэмжлэлийн хариугаар баталгаажуулсан тухайг эрх бүхий хүн баримт нотолгоотойгоор мэдээлэв. Товчхондоо бол эрчим хүчний нүүрсний илчлэг нь 6300 ккал. Багануурынх үүнээс хоёр дахин бага буюу 3000 орчим ккал байдаг гэдгийг тайлбарласан гэсэн үг.
Гэтэл өнөөдөр Таван толгойн түлш компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшнээс болж олон иргэн амиа алдаж, 120 гаруй хүн угаарын хийд хордоод байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл хаана нь, ямар алдаа гаргасныг судлаж тогтоохын оронд эрх баригчид иргэдийг буруу галласан хэмээн чихэж, бүр дараагийн шахааны бизнесээ хийхээр зэхээд байгааг хэвлэлүүд онцолж эхэлсэн.
Тухайлбал, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн хэлж буйгаар дээр нэр дурдсан албаныхан албан бичиг илгээсний дагуу нийлүүлэлт хийжээ. Ингэхдээ тус компани АТГ, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталгаа гаргаж өгөхийг хүссэн байна. Дээрх байгууллагууд ч баталгааг нь гаргаж өгч эрчим хүчний нүүрсийг Улаанбаатар хот руу зөөж эхэлсэн байдаг.
Мэдээж албан бичиг, баталгаанд үндэслээгүй нь тодорхой. Тиймээс 2018 оны тавдугаар сард “Энержи ресурс” ХХК “Таван толгой түлш” компанитай гэрээ байгуулан, нийлүүлэлтээ хийсэн бөгөөд зарим заалтыг нь нууцын зэрэглэлд багтаасан учраас “Энержи ресурс” ХХК-ийн зүгээс олон нийтэд дэлгэх боломжгүй хэмээсэн. Тэд гэрээний дагуу шаардлагатай нүүрсийг нь нийлүүлсэн байтал Ерөнхийлөгч Х.Баттулга угаасан нүүрсний хаягдал гэсэн. Улс, нийгэм, ард иргэдээ бодоод тодорхой ажил хийхээр дандаа мушгин, гуйвуулж, цагдаа, шүүх, прокуророор айлгаж, дарамталдаг. Заваан улстөрдөө дандаа татаж оролцуулах гэж үздэг тохиолдлуудыг олон нийт ч мэдэж байгаа хэмээсэн юм.
Үнэхээр дээрх гэрээний дагуу тус компаниас нийлүүлсэн өндөр илчлэгтэй нүүрс аль замаар хаашаа тээвэрлэгдэж, хэн ашиг хүртсэн бэ гэдэг асуудал үүсэх нь ээ.
Мөн үүнтэй зэрэгцэн Засгийн газар эрчим хүчний өндөр илчлэгтэй баяжуулсан, коксжсон нүүрсийг “Таван толгой түлш” компани үнэгүй нийлүүл гэж хүсэлт гаргаж, нууц байдалтай гэрээ байгуулчихаад улсын төсвөөс 220 тэрбум төгрөг гаргасан гэдэг асуудал ч босч ирэх нь гарцаагүй болох нь.
Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийнхнээс үнэгүй бүтээгдэхүүн нийлүүлчихээд төрийн өмчит компанидаа зориулж улсын төсвөөс 220 тэрбум төгрөг гаргуулан завшсан байж болзошгүй ноцтой асуудал яригдах нь гэсэн үг.
Ерөнхийлөгч ч үүнийг хардахдаа “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас яагаад 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв. Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна. Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.” гэсэн биз.
Дээрх үйл явцуудаас харахад нүүрсний мөнгийг зувчуулсан байх магадлалтай Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарыг хуулийн байгууллага шалгаж, хариуцлага тооцож огцруулах ёстой болох нь ээ.
Эх сурвалж: erennews.mn
|