С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Монголын мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын зөвлөгөөн анх удаа болох гэж байна. Энэ талаар өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 3-нд Төрийн ордонд болох юм. Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын чадавхийг сайжруулах, тулгамдаж буй асуудал ба шийдлийг хэлэлцэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна. Энэ салбарт 2500 орчим багш ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох 800 багш оролцох юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон. Түүндээ үндэслэн цаашдаа Засгийн газраас ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох юм. БСШУС-ын яамнаас мэргэжлийн сургуулийн өнөөгийн байдал, багшийн хөгжлийг анхаарч үзэх талаар, Монголын ажил олгогч эздийн холбооноос уялдаа холбоог сайжруулах гэсэн сэдвүүдээс илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд салбарынхан үнэлэлт дүгнэлт өгнө ” гэв.

Манай улсын хэмжээнд өнөөгийнбайдлаар төрийн болон хувийн өмчийн 84 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 200 гаруй мэргэжлээр 38,5 мянган суралцагч суралцаж буй бөгөөд төгсөгчдийн 60 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа юм байна. Түүх сөхвөл, 98 жилийн өмнө буюу 1921 онд Ардын Засгийн газрын тогтоолоор Телефон, цахилгаан мэдээний албан хаагч бэлтгэх сургууль байгуулагдсан цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбар үүссэн гэдгийг тэмдэглэжээ.

Ийнхүү салбарын сайд маргааш эхлэх зөвлөгөөний талаар мэдээлэл өгсний дараагаар цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой тайлбар өглөө. Тэрээр “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орчны салбарынхныг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж буй юм” гэлээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх аж. 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 41 мянган иргэнийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан бөгөөд улмаар 1996 онд тэтгэвэр бус нөхөн олговорт шилжүүлжээ. 1996 оноос нөхөн олговор авч эхэлсэн иргэд одоо тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч бага тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг нэг удаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг тодотгож байв.

Т.Батсайхан

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608748
0 эможи

Зочин
2019-10-02 12:58
keyboard_arrow_up