Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгохоор шийдвэрлэжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгох асуудлыг хэлэлцэж байгаа талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна.
Зарим аж ахуйн нэгж байгалиас орлого олох хэмжээгээрээ сүйтгэчихээд улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа болих хэрэгтэй. Их мөнгө төлсөн гэдэг ч байгальд учруулсан хохирол түүнээс нь их байна" гэв.
Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ. Үүнийг мөн онд цуцалж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас санал гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 11187,05 га газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650,0 га газрыг Дурсгалт газрын ангиллаар тус тус УИХ-ын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад дахин авчээ.
Байгалийн нөөц, ашигт малтмал бүхий мөн археологийн онцгой ач холбогдолтой энэхүү дурсгалт газрын хилийн заагийг дахин өргөтгөх, ангиллыг ахиулж, улсын дархан цаазат газар болгож, Ноён уул орчимд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар судалж танилцуулахыг БОАЖ-ын сайдад даалгав.
Ноён уул орчмын газарт 1995-2010 оны хугацаанд ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуй нэгжид олгосон байна.
Шүүхээс өчигдөр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан билээ.