ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2019 оны 8 сарын 21
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Товч мэдээ
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолын дагуу тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.
- Аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгамдаад байгаа асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төв аймгийн Сэргэлэн сум болон нийслэлийн Багануур дүүрэг дэх хоёр байршлыг аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих газарт тавигдах шаардлагыг хангасан боломжит байршил гэж үзэж байгаа ч орон нутгийн удирдлага дэмжихгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжээд, ноот бичигт гарын үсэг зураг эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.
- Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын V, мөн БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны зургадугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдааны дүнг сайшааж хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Комиссын дарга нарт даалгалаа.
- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
607085
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс