У.Хүрэлсүх: Ирэх жил мах, ногооны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд өөрөө хариуцаарай
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд боллоо.
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдүгээрт, мах, гурил, хүнсний ногоондоо анхаараарай. Энэ бол монголчуудын хүнсний чухал хэрэглээ. Өнгөрсөн хавар махны үнэ 14 мянга хүрсэн. Энэ бидэнд их сургамж болсон. Махны экспорт нэмэгдэх сайхан ч дотоодын хэрэглээгээ бодох хэрэгтэй. Өнгөрсөн жил ХХААХҮ-ийн сайдгүй байсан болохоор мах болон зарим бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ жил тийм асуудал гарахгүй байх гэж найдаж байна. Ирэх жил мах, гурил, ногооны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд өөрөө хариуцаараа. Мал нядалгааны үе эхлэхээс өмнө хэллээ.
Хоёрдугаарт, бүтээн байгуулалтын ажилд анхаармаар байна. Аймгийн удирдлагууд ажилдаа эзэн байх ёстой . Өнөөдөр бид хоёр зорилтыг тавьсан. Нэгд, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хоёрт, эдийн засгийн сэргэлтийг ханга гэдэг зорилтыг энэ Засгийн газар зорьсон. Энэ зорилтыг орон нутгийн Засаг дарга нар мөн хэрэгжүүлэх, энэ зорилтод зүтгэх хэрэгтэй.
Гуравдугаарт, байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй байна” гэв.