Сайд Х.Баделхан Элчин сайд Шин Хайминтай уулзаж ярилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хайминтай уулзаж хоёр улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.
Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн 70 жилийн ойн хүрээнд Монгол улсын барилгын салбарт олон томоохон төсөл хэрэгжиж, амжилттай урагшилж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан онцоллоо. Уулзалтын эхэнд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар хоёр тал мэдээлэл солилцсон юм. Өнгөрсөн 06 дугаар сард БХБ-ын сайд Элчин сайдтай уулзаж энэ асуудлаар санал солилцон нэн тэргүүнд шийдвэрлэх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.
Тухайлбал БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэх байршилд түр тоног төхөөрөмж байрлуулах талбай, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, лагийг боловсруулах, шилжүүлэх шийдлийн талаар Хятадын гүйцэтгэгчтэй компанитай хамтран ажиллах, Төсөлд ажиллах Хятад ажилчдын квотыг тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэний дагуу Монголын тал дээрх тавьсан хүсэлтийг нэн даруй шийдвэрлээд байна. Газрын асуудлыг бүрэн шийдэж, орох гарах гарцыг бүрэн чөлөөлөөд зогсохгүй БНХАУ-аас ажиллах ажиллах хүчний квотыг Засгийн газраас тогтоов. Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг байршуулах газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.
Өнгөрсөн хугацаанд БХБЯ БНХАУ-ын Эксим банкны төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хийж төслийг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээр хийсээр байгаа. Төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулах бэлтгэл шатны ажлыг Монголын талаас бүрэн хангасан бөгөөд Санхүүжүүлэгч тал төслийг үнэлэх шат эхэллээ. Үнэлгээний ажлыг түргэтгэж, төслийг эрчимжүүлэхэд Элчин сайд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг сайд Х.Баделхан хүслээ.
"Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгж байгуулагдаж, төслийн ажлын зургийг боловсруулж, магадлалаар орж батлагдахад бэлэн болжээ. Угсралт, түр байр барих зэрэг ажил хийгдэж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ жил биологийн цэвэрлэгээний байгууламжийн бетон хийцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин "Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын онцгойлон анхаарч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эрчимжүүлэх чиглэлд Хятадын тал анхаарч ажиллаж байна. Төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж байна. Цаашид улам эрчимжүүлж ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Хоёр талын уулзалтын дараагийн санал солилцсон асуудал бол "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих 1008 айлын орон сууц" төсөл юм. Төслийн хэрэгжүүлэх хэлэлцээрийг хоёр тал баталснаар бэлтгэл ажил эхэлсэн. Монголын тал зураг төслийг бэлэн болгох, газар чөлөөлөх, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэхэд анхаарч амжилттай үргэлжилж байгааг сайд дуулгалаа. Уг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд газар чөлөөлөлтийг хийж эхлээд байна.
Хоёр улсын найрсаг харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ойн хүрээнд хийгдэж буй дээрх томоохон төсөл амжилттай хэрэгжиж, ажил урагштай байгааг хоёр тал онцлон тэмдэглэж, ажлыг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд онцолсон юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.