ЗАСГИЙН ГАЗАР: Ховд голд иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан цагдаагийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор боллоо
Засгийн газраас хоёр иргэнд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байгаа талаар шуурхай эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болсон байна. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.