Чингис хааны музей байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталлаа.
Хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дуусаж, нурахад бэлэн болсон. Үүний улмаас 12 мянган үзмэрийг агуулахад хадгалж байгаа. Уг музейн шинэ барилга ашиглалтад орох хүртэл өнөөгийн Үлэг гүрвэлийн музейн байранд үзмэрийг нээх юм.
Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, Чингис хааны музейг байгуулах бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар зураг төслийг нь танилцууллаа. Уг музей Чингис хаантай холбоотой бүхий л судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээ болон аялал жуулчлалын төв байх юм. Энэ бол хүүхэд, залууст эх түүхээ танин мэдэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх түүхэн шийдвэр юм” гэлээ.