ФОТО: Шахмал түлш агаарын бохирдлыг 60-70 хувь БУУРУУЛНА
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнээс хойш гэр хорооллын өрхүүд "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа.
"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг БНСУ-д шинжилгээнд явуулсан бөгөөд хариу нь агаарын бохирдол 60-70 хувь буурч байна гэсэн үзүүлэлт хариу гарсан аж.
Ерөнхий сайдыг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд болон үйлдвэрийн ажилчид угтан авч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр түлшний үйлдвэрийн зарим шугамууд ашиглалтад орж байна. Наадмын өмнө үлдсэн шугамууд ашиглалтад орсноор нийт найман шугамаар үйлдвэрлэлээ явуулах боломж нээгдэнэ. Ингээд энд үйлдвэрлэсэн түлшээ бүрэн хэмжээнд ашиглаж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 40-50 хувиар багасна гэж тооцоолж байна. Засгийн газраас шаардлагатай бүх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Одоо түлшийг ард иргэддээ хүргэх асуудлыг нийслэл хот хариуцаж, бүх шатандаа хариуцлагатай зохион байгуулах учиртай. Засгийн газраас БОАЖЯ туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана” хэмээн онцолж хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн. Нийтдээ 640 түгээлтийн цэгүүдийг дүүрэг, хороодод байгуулахаар ажиллаж байна. Найм, есдүгээр сардаа багтаад бүх түгээх цэгүүдээ бэлэн болгоно. Хамгийн чухал асуудал бол бүх дүүрэг, хороодод хүргэх түгээлтийг зохион байгуулах ажил юм. Тээвэрлэлт хийж, борлуулах цэгүүдэд хүргэхэд шаардлагатай бүх хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, эрсдэлийг тооцоолж ажиллана. Мөн сайжруулсан шахмал түлшийг худалдах үнийг өндөр тогтоохгүй, түүхий нүүрстэй ойролцоо буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгт багтаан барих тал дээр анхаарч байна. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад зөвхөн нийслэл хот төдийгүй ард иргэд өөрсдөө санаачилгатай, идэвхтэй оролцох ёстой” хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|