Ч.Улаан: Мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгана

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах хэмжээг малын өсөлт, махны хангамжтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор шийдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ.  Энэ хүрээнд үндсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэлэлцсэн.

Энэ сарын эхний долоо хоногт махны үнэ огцом өссөн. Энэ нь дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд иргэдийн худалдаа хийдэг “Хүчит шонхор” захаас их хэмжээний мах худалдан авсны улмаас хомсдол үүссэнтэй холбоотой. Ийм байдал гаргахад хүргэсэн хүчин зүйлүүдийг нарийвчлан авч үзэж, дүгнэлт хийж ажиллаж байна. Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийхээр шийдвэрүүд гаргалаа.

Энэ жилийн хувьд махны хангамж, шинэ махтай золгох хүртэл махны хангамжийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газраас нөөцийн махыг зах зээлд 4 дүгээр сарын 15-наас нийлүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 орчим хувийг нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд. 127 худалдааны цэг, дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн хагас, бүтэн сайнд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна. 

Зах зээлд орж ирэх махны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж байсан хэд, хэдэн хүчин зүйлийг судалж тогтоосон. Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ "Хүчит шонхор" зах дээрээс бэлддэг. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Энэ байдлыг таслан зогсооно.

Мөн тэрбээр гурилын хангамжийн талаар товч мэдээлэл өглөө. Одоогоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 мянган тонн гурил болон улаанбуудай байгаа аж. Энэ нь зургаан сарын хугацаанд дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах үзүүлэлт бөгөөд үнэ тогтвортой байна гэдгийг салбарын сайд дурдсан.

Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийн ургацаас төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Хүнсний ногооны 47 хувийг хангах хэмжээний нөөц хурааж авсан. 4,5 дугаар сараас зоорины хүнсний ногоо худалдаанд гардаг. Энэ дагуу худалдаанд гарах хүнсний ногооны хангамж нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс болон нарийн ногооны үнэ ханш харьцангуй тогтвортой, өмнөх оны түвшнээс бага хэмжээгээр буурсан. Энэ нь зах зээл дээр нийлүүлж буй хүнсний ногооны хангамж тогтвортой байгаатай холбоотой гэдгээ мөн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603818
2 эможи

keyboard_arrow_up