ТАНИЛЦ: Ховд гол дээр баригдах 100 мВт-ын хүчин чадалтай “УЦС“
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.
Жилдээ 300-325 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм. УЦС-ын далан уснаас дээш 60 метр, доош 20 метр, гурван метрийн өргөнтэй бөгөөд 54 км2 усан сан бий болох юм байна.
Тус станцыг 288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ.
УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|