Энэ жилийн наадмын Ерөнхий найруулагчаар Г.Цоггэрэл ажиллана
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.
Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө.
Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.