ЗАСГИЙН ГАЗАР: Багш нарын зарим төрлийн УРАМШУУЛЛЫГ ирэх хичээлийн жилээс олгоно
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газар Багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ хуралдаанаар Багшийн хөгжлийн дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ тогтоолоор багш нарын их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг болохыг Засгийн газраас шийдвэрлэж байна.
Мөн багш нарын зүгээс хамгийн их ярьдаг багшийн хичээл практикийн үйл ажиллагаан зардлыг шийдвэрлэхээр болж байна. Хичээл практикийн үйл ажиллагааны зардал өмнө нь олгогдож байгаад хуулийн өөрчлөлтөөр олгогдохоо болиод байсан юм.
Үйл ажиллагааны зардлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ердийн сургалттай сургуулийн нэмэгдэл урамшууллын асуудал байгаа. Улсын хэмжээнд нэлээд олон ердийн сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа. Тэдгээр багш нарын урамшууллын асуудлыг шийдэхээр болсон.
Энэхүү шагнал урамшууллын асуудлыг 2019 оны есдүгээр сарын 1-нээс шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн.
Мөн багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нарт үүрэг болгосон. Жилд нэг удаа багш нарыг эрүүл мэндийн багцын үйлчилгээнд хамруулах асуудал ийнхүү шийдэгдэж байна.
Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна.
Түүнчлэн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Эдгээр асуудлуудыг Засгийн газраас тогтоол гарган баталлаа” гэв.
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх холбогдох журам баталсан байна. Багшийн эрүүл мэнд, багшийн хөгжлийг дэмжсэн эл журам батлагдсанаар багш нарын урамшууллыг сэргээх, тогтмолжуулах боломж бүрдэж байгаа аж.