ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам барина
Засгийн газар өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас зарим гарсан шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан байна. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам барих шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг бүрэн ашиглах, гадаад худалдааг өргөжүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах зорилгоор Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг дотоодын санхүүжилтээр тавихаар тогтоолд тусгажээ. Энэ онд “Эрдэнэс-Таван толгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийг ашигтай ажилласан. Үүнээс 750 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бондыг худалдан авч, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төслийг санхүүжүүлэх юм. Уг төмөр замыг тавихад цэргүүдийг ажиллуулахаар болсон.
Өмнө нь Тавантолгой-Зүүн баянгийн чиглэлд нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллароор тавих саналыг “Дорнын зам” компани ирүүлж байсан. Харин цэргүүдийг оролцуулбал, дунджаар 1.2 сая ам.доллароор тавих юм. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад 1800 цэрэг, 454 техник хэрэгсэлтэйгээр оролцох бөгөөд ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэх юм. Харин Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани хариуцана. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна." ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.
ШУУД ҮЗЭХ: