Ө.Энхтүвшин: “Эрдэнэт“ үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт“ банк руу шилжүүлсэн
Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нар Стандарт банкны асуудлаар мэдээлэл өглөө.
""Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Стандарт банкнаас анх 160,1 сая ам.долларыг авсан байна. Стандарт банк мөнгөө төлөхгүй байхаар нь 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. Тус банкны батлан даагчаар “Эрдэнэт” үйлдвэр орсон бөгөөд тус үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан аж.
Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, "Стандарт" банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан. Нэгэнт энэ бол эцсийн шийдвэр тул үүнийг биелүүлэхгүй байх ямар ч эрхгүй болсон. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард Ажлын хэсэг байгуулсан.
"Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэсэн.
Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг ямар нэг хүү байхгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрч, энэ мөнгийг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банк руу шилжүүлсэн.
Хуулийн байгууллага, дээд шүүхийнхэн энэ асуудал дээр хөдлөхгүй байсан. Одоо шуурхай ажиллах байх."гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|