У.Хүрэлсүх: Утааны эсрэг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” үндэсний чуулганыг АШУҮИС-д өнөөдөр зохион байгууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, санал, дүгнэлтийг төр засгийн бодлогод тусгах, хамтран ажиллах зорилготой уг чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв.
Тэрбээр, “Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгааны ажлын үр дүн, техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан. Уг компани нь Багануурын нүүрснээс 2 дахин бага дэгдэмхий бодистой, 6000 килокалори буюу 2 дахин их илчтэй Таван толгойн нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод өвлийн улиралд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол энэхүү сайжруулсан шахмал түлшнээс 600 мянга орчим тонныг хэрэглэх тооцоо гарч байгаа. Энэ үзүүлэлт утааны эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгаж байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хотын удирдлагуудын зохион байгуулах ажил, иргэдийн оролцоо, дэмжлэг чухал” гэдгийг тэмдэглэлээ.
Мөн тэрбээр, “Цаашид бидэнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, олон нийтийн өргөн оролцоонд тулгуурлан хийх тулгамдсан ажлууд цөөнгүй байна. Та бүхний хийж байгаа судалгааны ажлын үр дүн, санал зөвлөмж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хор уршгийг арилгахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Төр засгийн аливаа ажил эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан, эрдэмтэн судлаачдынхаа дуу хоолойг сайтар сонсож, олон талаас нь нягтлан, шинжлэх ухаан, техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилд тулгуурласан байвал илүү үр дүнд хүрдгийг манай Засгийн газар байнга анхааралдаа байлгах болно” гэв.
Агаарын бохирдлын эрүүл мэнд, эдийн засгийн дарамт, ачааллыг тооцон бодлогын шийдэл гаргах чиглэлээр мэргэшсэн нэрт эрдэмтэн, дэлхийн Энхтайвны Нобелийн шагналт, Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит энэхүү чуулганд оролцов. Тэрбээр 2011 оноос Монгол Улс, ялангуяа АШУҮИС-ийн судалгааны багтай хамтран ажиллаж “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааны хүрээнд хоёр томоохон загвар гарган уушгины хатгаа, зүрх судасны эмгэг, уушгины хавдар зэрэгтэй холбон судалж, 2024 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээний томоохон шийдлийг зөвлөмж болгон гаргасан байна.
Мөн жирэмсэн эх, хүүхдэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр монгол эрдэмтэдтэй хамтран судалгаа хийдэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Давид Варбуртон оролцсон юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|