Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны шалгалтын үр дүнг 14 хоногийн дотор танилцуулна
ЗГХЭГ-ын газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол улсын Хөгжлийн банканд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзлаа.
ЗГХЭГ-ын газрын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Засгийн газраас хөгжлийн банканд хийх шалгалтын удирдамж гарсан. Шалгалтын хамрах хүрээнд ажлын 30 хоногийн дотор зохион байгуулна.
14 хоногийн дараа эхний үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосон байгаа.
Татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, Хөгжлийн банкны өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл зэрэг чиглэлээр шалгалтын ажил хийгдэнэ.
Энэ удаагийн шалгалтаар олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн Самурай, Чингис бондуудад улс төрийн нөлөө орсон эсэх асуудлыг шалгах юм.
Мөн зээлүүдийн эргэн төлөлт ямар байгаа болон Хөгжлийн банкны ТУЗ-өөс өгч байгаа мэдээллээр зарим чанаргүй зээлүүдийн хугацааг сунгах саналууд тавигдсан байгаа. Энэ ажлын хэсгийн үүрэг тулгамдаад байгаа зүйлүүдийг эцэслэн шийдэх юм.