БХБ-ын сайд Х.Баделхан ШУТИС-д ажиллалаа
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон яамны газрын дарга удирдлагууд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчид сургуулийн талаар товч танилцуулга хийж, Барилга хот байгуулалтын сайдтай санал бодлоо хуваалцлаа.
Сайд хэлэхдээ “Би энэ сургуулийг төгссөн. Сурсан сургуулиа хүн мартдаггүй шүү дээ. Бид сургуулиа үргэлж анхаарч явдаг. Өнөөдөр ч гэсэн би та нөхөдтэй уулзаад ЗГ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайдын хувьд цаашдаа хамтран ажиллах боломжийн талаар санаа бодлыг сонсохоор ирлээ” хэмээн хэлэв. Тэрбээр ЗГ-ын хүрээнд хийж, хэрэгжиж буй ажлуудыг таницуулж, ШУТИС-тай харилцаа холбоогоо цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилаа. Тодруулбал, “Төрийн бодлогод 2029 он гэхэд барилгын салбарын хэрэглэдэг материалын 90 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр хэрэгцээт материалын 60 орчим хувийг дотооддоо хангаж байна. Энэ оноос эхлэн “Барилгын хөгжлийн төв”-ийн дэргэд “Барилгын салбарын судалгаа, зураг төслийнхэлтэс” байгуулаад байна. Үүнд ШУТИС хамтарч ажиллаж болно. Мөн“Барилгын төв лаборатори”өмнө нь орлогоороо санхүүждэг байсан. Энэ оноос улсын төсвөөс санхүүжүүлдэг болгож өөрчилсөн. Тус лаборатортой ч мөн хамтарч ажиллах хэрэгтэй. Лабораторид тоног төхөөрөмж байлаа ч мэргэжилтэн дутаж байгаа. Тиймээс ШУТИС-ийн барилга архитектурын сургуультай энэ лаборатори цаашдаа хамтарч ажиллах ёстой гэдгийг би хэлмээр байна” гэв.
Мөн тэрээр одоогийн байдлаар барилгын салбарт нийт 95.0 мянга гаруй ажлын байртай болсны дийлэнхи буюу 78.6 мянга нь барилга угсралт, 14.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, жил бүр 13.0 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтан хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжсөн ба Монгол Улсад 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт нийтдээ 155200 оюутан суралцаж байгаагийн 7366 нь барилгын салбарын мэргэжлээр суралцаж байгаа статистик тоо байна. ШУТИС-ийн барилга архитектурын сургуульд үүний 54% нь буюу 4000 орчим нь суралцаж байгаа талаар дурджээ.