Ч.Хүрэлбаатар: Алтны татварыг тэглээгүй

2019 оны 2 сарын 14

Ч.Хүрэлбаатар: Монгол улсын төсвийн орлого түүхэнд анх удаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа Arslan.mn

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРААС цаг үеийн асуудлаар дараах асуултад хариулт авлаа. 

-ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажилласан. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэрхэн дүгнэсэн бэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаад явсан. Засгийн газартай тохирсон ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4-7 орчим хувьтай гарахаар байна. Энэ нь эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээс гадна төсвийн сахилга бат, дэг журам, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Засгийн газрын эдийн засгийн бодлого нь тогтвортой, тууштай байж өрийн хэмжээг эрс бууруулж чадсан. Монгол Улсын Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өнөөдрийн үнэ, цэнээр 74.4 хувь байсныг 62 болгосон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл гэж дүгнэсэн. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа улс орнуудаас хамгийн ашигтай гарсан нь манай улс болсон. Улсын нэгдсэн төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Ингэхдээ Засгийн газар өндөр хүүтэй, богино хугацаатай дотоодын зээл авалгүй, гадаадад бонд гаргалгүйгээр зохицуулж чадсан, Мөн арилжааны банкуудын үнэлгээтэй холбоотой хийсэн арга хэмжээнүүдэд тодруулах шаардлагатай зүйлс байна гэдгийг ОУВС-гийнхан хэлсэн. Учир нь, арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрвээ хөрөнгөө нэмэгдүүлсэн бол эх үүсвэр нь цэвэр үү, хаанаас хэрхэн орж ирснийг тайлагнах ёстой.

-Засгийн газрын 29 сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан гэсэн. Шалгалтын явц хэр байна вэ?

-Засгийн газрын 29 санд авах арга хэмжээний саналаа Сангийн яам боловсруулаад Засгийн газарт оруулна. Өнөөдрийн /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байсан ч ХХААХҮ-ийн сайд нь гадаадад томилолттой учраас хойшлуулсан. Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

-Тусгай сангуудаас заримыг нь татан буулгахаар ярьж байгаа юм уу?

-Хэд хэдэн тусгай санг татан буулгахаар төлөвлөж байна. Одоогоор энэ сан, тэр сан гэсэн зүйлгүй. Шийдэгдээгүй байгаа зүйлийг урьдчилж ярих нь ёс зүйгүй асуудал. Татан буулгах, үйл ажиллагааг нь сайжруулах сан ч байна. Зарчмын хувьд сангуудын үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгох шаардлагатай. Хамгийн гол нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэг сангаас зээл авч нөгөө санд буцааж тушаасан зүйл гарч байна. Тиймээс авсан бүх зээлийн мэдээллийг Монголбанкинд зээлийн мэдээллийн санд бүртгэдэг. Ингэж оруулж ирж байж зээл олгодог байх гэх мэт зохион байгуулалтын ажлыг шуурхай хийснээр цэгцэрчих олон зүйл байна.

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас сангуудад мөнгө суулгаагүй. Яагаад суулгахгүй байсан юм бэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ЖДҮ-ийг дэмжих санд улсын төсөв өргөн мэдүүлэхдээ нэг ч төгрөг тавиагүй. Шалтгаан нь ЖДҮ-ийг дэмжих зорилгоор олгож байгаа зээлийн арга, систем нь буруу байна гэж үзсэн. Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар, Сангийн яам хамгийн үр ашигтайгаар зарцуулах ёстой. Тиймээс тус санд асуудал байна, үүнийг цэгцлээч гэсэн байдлаар 2018, 2019 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих санд мөнгө тусгаагүй. Ер нь сангуудад ЖДҮ-ийн хэлбэрээр олгох боломжтой их хэмжээний мөнгө байгаа. ЖДҮ-ийг дэмжих сангийн 340 тэрбум төгрөг байгаа, бусад эх үүсвэрийн 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байна. Үүнийг зөв зарцуулах санал боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болоод байна.

-Засгийн газрын 29 санд хэчнээн төгрөг эргэлдэж байдаг вэ?

-Зарим хүн бүх санг хаах, зогсоох ёстой гэж хэтэрхий туйлшраад байна. Гэхдээ энд Эрүүл мэндийн даатгал, Тэтгэврийн сан бий. Үүнийг зогсоох боломжгүй. Зогсоох боломжтой сангуудаа бид саналдаа тусгасан.

-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл авсан хүмүүс нь тодорхой байна. Хэн авсан нь мэдэгдэхгүй зээл бий юү? 

-Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар оруулсны дараа олон нийтэд ил болгоно. 

-Алтны татварыг тэглэсэн гэсэн. Төсөвт төвлөрүүлэх 70 тэрбум төгрөг дутна гэсэн үг үү. Дээр нь вальютын ханшийг алдах эрсдэл үүсэх вий гэх хардлага гарч байна? 

-Алтны татварыг тэглэсэн гэх мэдээлэл худлаа. Яагаад гэвэл, Татварын хуулийг хэрэгжүүлээд явж байгаа. Үүний рояалтыг 2.5 болгож өөрчилсөн хуулийн хүчинтэй хугацаа нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болсон. Тэгэхээр Татварын тухай үндсэн хууль нь хуучин хэвээр явж байгаа гэсэн үг.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600213
0 эможи

keyboard_arrow_up