Цэрэг нас барсан 336 дугаар ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ.
Батлан хамгаалах яамнаас тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ.
ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлжээ.
Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилжээ.
Мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.
Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож, чөлөөлөхөөр болжээ.
Эх сурвалж: БХЯ
|