Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Монголчуудын хувьд эрэлттэй байдаг Сөүл, Бээжин чиглэлийн нислэгт чөлөөт өрсөлдөөн бий болгох бодлогын баримт бичгийг 2018 оны зургаадугаар сард УИХ баталсан билээ.
Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрт/одоо мөрдөгдөж буй/ өөрчлөлт оруулах асуудал хүлээгдсээр байсан юм.
Тэгвэл ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Мягмарсүрэн болон ИНЕГ-ын зарим удирдлага тэргүүтэй төлөөлөгч энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна.
Агаарын харилцааны хэлэлцээр нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаар эцэслэгддэг бөгөөд Солонгост ажиллаж байгаа төлөөлөгчид Улаанбаатарт ирсэн хойноо тодорхой мэдээлэл өгнө гэж ИНЕГ мэдээллээ.
Тодруулбал, ИНЕГ-ын өгсөн мэдээллээр "Энэ удаад хоёр талаас агаарын харилцааны хэлэлцээрт ямар өөрчлөлтүүд оруулахаа харилцан тохиролцож байгаа гэж хэлж болно.
Түүний дараа Засгийн газрын хуралдаанаар орж улмаар хоёр улсын Засгийн газар хэлэлцээрээ байгуулж дууссанаар бүх зүйл тодорхой болно гэсэн үг. Өөрчлөлтийн тухайд олон асуудал байгаа бөгөөд энэ дотроос мэдээж хүмүүсийн хамгийн их сонирхдог агаарын тээвэрлэгчийг хоёр талаас нэмэгдүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тариф буулгах зэрэг асуудал орж байгаа" гэв.
Энэ тухай ЗТХЯ-наас ирэх долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өгөх хүлээлт байна.
Монгол, Солонгосын агаарын харилцааны гэрээг шинэчлэх асуудлын талаар Солонгосын хэвлэлүүд аль хэдийнээ мэдээлээд эхэлжээ. Солонгосын хэвлэлийн мэдээллүүдэд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн давтамжийг нэмэгдүүлж суудлын тоо 1,448 байснаас 2,500 буюу 70 хүртэл хувиар нэмэгдүүлэх ингэхдээ шинээр авиа компаниудын үйлчилгээг нэвтрүүлэх, Монгол, Солонгосын суудлын тоог тэнцүүлэх зэрэг шийдвэр гарч байгаа талаар мэдээлжээ.
Энэ чиглэлийн нислэгт бусад авиа компаниудыг оруулах, нислэгийн тоо нэмэгдүүлсэнээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ хамгийн багадаа 20 орчим хувиар буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс өмнө нь мэдээлж байсан. Хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд Монголоос Солонгосыг зорих мөн транзит нислэг хийх иргэдийн хувьд нислэгийн олдоц нэмэгдэх, үнэ буурах төдийгүй, Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэх хүлээлт байгаа билээ.