Б.Мөнхбаатар: Хот байгуулалт, төлөвлөлтийн олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны нийт удирдлага, хамт олон шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхбаатарыг энэ сарын 10-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр сайд Х.Баделхан “Шинээр томилогдон ирж буй дэд сайд Б.Мөнхбаатар нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн мэдэх, туршлагатай төрийн албан хаагч ирж байгаад баяртай байна” гэсэн юм.
Мөн дэд сайд Б.Мөнхбаатар “Барилга, хот байгуулалтын яамыг би мэргэжлийн гэж үздэг. Хот байгуулалт, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц гэдэг бол маш том салбар юм. Цаашид бид хот байгуулалт, төлөвлөлтийн талаар олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна. Иймээс миний зүгээс дэд бүтцийн салбарт ажиллаж байсны хувьд энэ салбарт хичээж ажиллах болно. Та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна” гэв.
Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, Англи, Орос хэлний мэдлэгтэй.
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оны 9 дүгээр сард томилогдсон. Тэрээр 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор, Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байв.