Засгийн газрын гадаад өр III улирлын байдлаар 7 тэрбум 24 сая ам.доллар хүрчээ
Монгол Улсын Засгийн газрын гадаад өр III улирлын байдлаар долоон тэрбум 24 сая ам.долларт хүрсэн гэж Монголбанк мэдээллээ. Энэ нь жилийн дүнгээр 12 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувьд хүрч байсан юм. Энэ дүн 2018 оны эхний хагаст буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувь болжээ.
2019 онд Засгийнгазрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа нь 55.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэж Сангийн яам мэдээлээд байгаа юм. Мөн хүүгийн зардал 285.1 тэрбум төгрөгөөр буурна гэж үзжээ. Засгийн газар ирэх онд гадаадын зээл, тусламжийн хүрээнд 1.3 их наяд төгрөг ашиглахаар тооцоод байна. Засгийн газрын өрийг бүтцээр нь авч үзвэл урт хугацаат бонд, өрийн бичиг эзэлж байгаа ажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байна. Мөн цаашид бидэнд давж гарах олон томоохон сорилт, тэр дундаа 2020 оноос эхлэн төлөгдөх томоохон өр төлбөрүүд угтаж байна" гэж онцоллоо.
Үүнээс гадна Төв банк гадаад валютын нөөцийг цаашид тууштай нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа мэдэгдээд байна. Аравдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц сүүлийн зургаан жилийн дээд түвшин буюу 3.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Засгийн газар өрийн менежмент хийх асуудлаар ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм.Хүлээгдэж буй томоохон төлбөрүүдийг авч үзвэл “Синдикат” зээл 2021 онд, “Мазаалай” бонд 2021 онд, “Чингис” бонд 2022 онд зэрэг нийт 5.4 орчим тэрбум ам.доллар төлөх хуваарьтай байгаа юм.
Энэ онд “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалаад байна.
Б.Бямбасүрэн