ФОТО: Яармаг, Нисэхийн 160,000 айл өрх шинэ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖтай боллоо
Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20,000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлт өнөөдөр боллоо. Уг цэвэрлэх байгууламж нь Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160,000 айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд “Эйч Эн Си” ХХК нийт 33 тэрбум төгрөгөөр баригдсан байна.
Цэвэрлэх байгууламжийн технологи:
Өдөрт 20,000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагын хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй.
Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой.
Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй.
Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан байна.
Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасах ач холбогдолтой.
Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлжээ.
Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2,500-2,800м3 бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрчээ.
Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам
|