ТӨСӨВ: ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төсөвлөжээ
Ирэх жилийн төсвийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталлаа. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,2 тэрбум ам.доллараар бууруулж батлав. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 212 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.
Хүүхэд хамгааллын зардлыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмж батлав
Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Мөн Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсон банйа.