Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичиг прокуророос иржээ
Прокурорын байгууллаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өнөөдөр өгсөн байна. Прокуророос ирсэн бичгийг УИХ 48 цагийн дотор шийдэх учиртай. Үдээс хойш уг асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.
УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.