Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэв.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна.
Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж хөдөөгийн хүүхдээс 40 хувиар бага байна гэх бас нэгэн судалгааны үр дүн байна.
Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй.
Нийслэлийн хүн ам жил ирэх тутам өссөөр байгаа.
100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.
Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон" гэв.
Утааг бууруулахын тулд орон сууцжуулах, дэд бүтцийг шийдэх, цахилгаан халаалт ашиглах зэрэг олон шийдэл байгаа ч эдгээр нь урт хугацааных. Учир нь орон сууцжуулахад дор хаяж 10 жил шаардлагатай, дэд бүтцийг нь шийдээд хашаанд нь шугам, хоолой оруулчихаад байхад 6 сая төгрөгөөр холболтоо хийх боломжгүй цахилгаанаар халаалтын асуудлыг шийдэх сонголт хийвэл цахилгаан станцуудын хүчдэл дийлэхгүй, Улаанбаатар тэр чигтээ цахилгаангүй болох зэрэг эрсдэл нүүрлээд байгаа аж.
Тиймээс орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн 14 жилийн хугацаанд хуралдаж,утааг ойрын хугацаанд бууруулах, хамгийн үр дүнтэй арга нь, иргэд гэр байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлш хэрэглэх,бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж ашиглах гэсэн шийдэлд хүрчээ. Энэхүү шийдэлд үндэслэн Эрчим хүчний яамнаас цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөнд зориулж 14,7 тэрбум төгрөг, гэр хорооллын 100,000 айлын янданд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгахад 54 тэрбум шаардлагатай гэдэг саналыг 2019 оны төсөвт суулгахаар БОАЖЯ –нд өгсөн байна. Энэ дагуу саналыг энэ дагуу саналыг 2019 оны улсын төсөвт суулгажээ.
Мөн 120,000 өрхөд сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс хямдаар борлуулахад татаас олгоход зориулж 54,7 тэрбум төгрөг ,нам даралтын 3000 зууханд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгахад зориулж 22,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь буюу 220 000 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхийн 100 000-д бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгаж,120000-ыг сайжруулсан түлшээр хангаснаар Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэж орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон үзсэн байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|