ХЭН ЮУ ХЭЛЭВ: Татварын шинэчлэл хийж аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих боломж, гарц шийдлийн талаар..
Монгол улсын Засгийн газраас энэ оны 06 дугаар сард "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан боловч буцаагдсан. Харин сая намрын чуулганаар дахин өргөн бариад байна. Татварын хуулийн шинэчлэл аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засагт үр өгөөжөө авчрах, шудрага ил тод байдлыг бий болгож чадах эсэх дээр МҮОНТ-ийн Парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлгээр ХЭН ЮУ хэлснийг хүргэж байна.
Засгийн газрын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслөөр цаашдаа ЖДҮ, бизнес эрхлэгчдийг чөлөөтэй ажиллах, өсч дэвжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар бодитой хөшүүрэг ,механизмыг тусгасан гэж үзэж байна вэ. Тодорхой өөрчлөлт гарах боломж байна уу?
Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн: МУ-ын Засгийн газраас 2018 оны 6-р сарын 22-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн гол концепци нь нэгдүгээрт хөрөнгө оруулалт, бизнес, ажил эрхлэлтийн орчныг дэмжих үндсэн зорилготой. Хоёрдугаарт татварын бүртгэл, мэдээллийн тогтолцоог сайжруулах, олон улсын татвараас зайлс хийх дүрэм журмуудыг нэвтрүүлэх, татварын ил тод байдлыг хангах зэрэг үндсэн зорилгоор хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байгаа. Жижиг дунд бизнесийг дэмжих томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, татварын хялбаршуулсан тогтолцоо гэдгийг оруулж өгсөн. Хэрэв татвар төлөгч 50 саяас доош борлуулалтын орлоготой бол өөрийн сонголтоороо жилд нэг удаа татварын тайлан гаргаж, зөвхөн борлуулалтын орлогынхоо 1 хувиар татвараа төлөх боломжийг нээж өгч байгаа. Цаашдаа бид НӨАТ-ын урамшууллын систем ашиглан татварын тайланг хялбаршуулсан байдлаар бэлтгэж өгөх боломжийг зохион байгуулаад явж байна.
Түүнчлэн борлуулалтын орлого нь жилийн 1,5 тэрбумаас доош аж ахуй нэгжүүдийн хувьд төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах тийм бодлогын зохицуулалт орсон. Ингэснээр татварын том дарамтнаас чөлөөлж өгч байгаа зохицуулалт юм.
Татварын хялбаршуулсан тогтолцоонд шилжих нь зөв үү? Энэ тогтолцоонд шилжсэнээр татварын одоогийн тогтолцоог эвдэх юмуу сөрөг нөлөөлөл гарах уу?
Коёотэ компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан : Татварын багц хуулийн тухай анхны хэлэлцүүлгийг МХАҮТ дээр МУ-ын Ерөнхий сайд, Сангийн сайдын хамт ирж хийсэн. Уг хэлэлцүүлэгт олон салбарын бизнес эрхлэгчдийг хамруулсан. Манай улсын хувьд нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувийг жижиг дунд бизнес эзэлдэг. Тиймээс энэ татварын хялбаршуулсан зохицуулалт хийх нь маш зөв алхам. Бид хэлэлцүүлгийн үеэр саналаа сайн илэрхийлж хэлсэн. Гэхдээ манай бизнес эрхлэгчдийн хувь орлогын 1 хувь уу, ашгийн 1 хувь уу гэдэг дээр ойлголтын зөрүү нь арилаагүй, мэдээллээ сайн аваагүй байна. Ер нь энэ татварын хуулийн шинэчлэлин гол цөм нь цөөн хэдэн хүн татвар төлөх биш бүгдээрээ бага багаар нийлээд үндсэн татварын орлогыг бөөгнүүлээд төсвийг бүрдүүлэх шударга зарчим руу шилжье гэсэн зарчмыг гаргаж ирж байна. Тиймээс бидэнд эсэргүүцэх зүйл байхгүй. Бизнесийн таатай орчин бүрдэнэ гэж харж байна. Харин хаврын чуулганаар уг хуулийн төсөл өргөн баригдсан боловч УИХ-ын гишүүдийн зүгээс тодруулах зүйл байсан уу, ямар нэг асуудал байсан уу буцаасан явдал нь харамсалтай байна. Хаврын чуулганаар баталсан байсан бол бизнес эрхлэгчдийн хувьд мөрдөгдөж эхлэх нь ойртчихсон байх байлаа.
Татварын бааз суурийг нэмэгдүүлэх хүрээг тэлэх, чиглэлд бодитой өөрчлөлт гарч чадах уу?
Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн : Уг татварын шинэчлэлээр орлогыг урьтал болгоогүй. Бидний хувьд эдийн засгийн сууриа нэмэгдүүлье, татварын бааз суурийг нэмэгдүүлье, тэгш шудрага орчинг бүрдүүлье, жижиг аж ахуйн нэгжүүдийнхээ өсөн дэвжих орон зайг нь олгоё гэдэг ийм үндсэн суурь концепциор явж байна. Эдгээр бизнесүүд өргөжин дэвжээд томрохын бол татварын тогтвортой бааз суурь нэмэгдэх юм. Энэ нь өөрөө хөрөнгө оруулалтыг дэмжсэн, эдийн засгийг дэмжсэн орчин бүрдэнэ гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан.
Нийт ААН-ийн хэдэн хувь нь ямар түвшний ААН-үүд байна, нийт орлогын хэдэн хувийг ямар ААН-үүд бүрдүүлж байгаа вэ?
Татварийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал: 2017 оны жилийн эцсийн тайлангийн мэдээллээр авч үзвэл манай улсад бүртгэлтэй 177 мянган аж ахуйн нэгж, байгууллага байна. Үүнээс 37,6 мянга нь төсөвт болон ТББ-ууд байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд бүртгэгдсэн 138 мянган аж ахуй нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн тайлагнал, хууль хэрэгжилтийн байдлыг авч үзвэл 92 мянга нь татварын тайлангаа ирүүлсэн байдаг.
Үүн дотроо үйл ажиллагаанаасаа шалтгаалаад 34 мянга нь татвар ноогдох орлоготой тайлан ирүүлсэн, 17 мянга нь алдагдалтай, 38 мянга нь Х тайлан буюу үйл ажиллагаа эрхлээгүй гэж тайлагнасан байдаг.
Ингээд чанараар нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжийн 50-аас дээш хувь нь алдагдалтай буюу X тайлан ирүүлсэн байгаа юм. Зарим тохиолдолд жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулсан боловч тайлагналын хүндрэлтэй байдлаас болон мэргэжлийн нягтлан бодогчгүйгээс болоод X тайлан гаргах зэргээр тайлагнах явдал байна. Шинэчилсэн хуулиар жижиг аж ахуй нэгжүүдэд 2 боломж гарч ирж байгаа. Нэгдүгээрт, хялбаршуулсан горимоо сонгоод тайлагналаа хялбаршуулж жилд нэг удаа тайлагнаад явж болж байна, эсвэл жилд 2 удаа тайлангаа гаргаад явах боломж нь нээгдэж байгаа юм. Хоёрдугаарт, хялбаршуулсан горимоор явах тохиолдолд цахим тайлангийн буюу бүртгэлийн системээр борлуулалтын орлогоо тайлагнасан байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Бизнес эрхлэгчдийн хувьд тайлангаа зөв гаргах, тайлан гаргахад учирдаг хүндрэл бэрхшээлийг уг хуулиар хялбаршуулж чадна гэж үзэж байна уу?
Ган хийц компаний ерөнхий захирал М.Даваасүрэн : Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй, хүн болгон татвар төлдөг байх ёстой гэсэн зарчмаар явах ёстой. Гэтэл өнөөдөр энэ зарчимууд орхигддог. Өнөөдөр 200-300 хүн цалинжуулаад явж байгаа бид шиг аж ахуй нэгжүүд татварын хяналтанд орсон байнга хянаж шалгуулж байхад “Нарантуул” зах дээр зогсч буй бизнес эрхлэгч нар НӨАТ-ын татвар төлдөггүй. Гэтэл тэдний сарын орлого ямар өндөр байдаг вэ гэдгийг бид мэднэ. Тиймээс энэ татварын бааз сууриа өргөтгөж, хуулийн хүрээнд шинэчлэх хэрэгтэй байна гэдгээ өнгөрсөн 6 дугаар сард болсон татварын шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр саналаа нэлээн илэрхийлсэн. Энэ уулийн төсөл нь маш олон боломжууд гаргаж өгч байгаа юм билээ. Тиймээс хурдхан л батлагдаад, хэрэгжээсэй гэж МХАҮТ-ын бүх бизнес эрхлэгчид дэмжиж, хүлээж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнөөдөр үндэсний үйлдвэрлэл Монголд хөгжихгүй байна, наад захын өөрсдөө хийдэг байсан бүтээгдэхүүнээ хийхээ болиод гаднаас валют зарж авч байна. Энэ бүхэн татварын оновчтой биш байдал мөрдөгдөж байгаагийн илрэл юм. Одоогийн татварын багц хуульны гялтайх зүйл нь жилдээ 50 саяаас доош орлоготой аж ахуй нэгжээс 1 хувийн татвар авна, 1,5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдийн 90 хувийг буцаан олгох явдал юм. Харин шинэ багц хуулиар хялбаршуулсан горимоор явсан тохиолдолд 500 км-ээс хол хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн татварын хөнгөлөлтийг байхгүй болгож болохгүй талаар Сангийн яаманд саналаа хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний хувьд энэ багц хуулин дээр нэлээн эерэг санаа бодолтой байгаа. Анхнаасаа Сангийн яам МХАҮТ-тэйгээ хамтраад нэлээн чухал заалтуудыг оруулж өгсөн байна лээ. МХАҮТ-ийн зүгээс энэ хуулийг дагаж гарч байгаа журмууд дээр нэлээн анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр 90 хувийн буцаалт дээр сөрөг талууд гарч болзошгүй. Бичиг баримтын бүрдүүлэлтээсээ хамаараад өгөхгүй байх, хурдан шийдүүлж авахын тулд авилгал хөгжих зэрэг асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс 90 хувийн буцаалт гэхээсээ илүү шууд 1 хувийн татвар төлөх нь илүү шудрага, авилгагүй байх байсан гэж харж байна.
СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан : Хавар өргөн барьсан татварын ерөнхий хуулинд Монгол улсын татварын бодлогын талаар нэг өгүүлбэр орсон байсан. Манай улсын татварын бодлого чухам юунд чиглэсэн талаар ойлгомжгүй байсан. Сүүлийн үеийн болон олон улсын хандлагаас харахад татвар бол 2 талтай үйлчлэх ёстой. Нэгдүгээрт, төр өөрийнхөө үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна нөгөө талд нь бизнесийн орчин сайжирч байх ёстой. Харин төсвийн хууль болон бусад хуультайгаа уялдаатай хэрэгжиж байх ёстой гэсэн энэ зарчим байгаа. Гэтэл сүүлд энэ зарчмыг авсан байсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна бизнесийн орчин сайжирна гэсэн заалтыг авсан байсан. Тэгэхээр татварын бодлогыг бид тодорхойлж чадаагүй цагт татварын цаг зуурын өөрчлөлтүүдийг бид хийсээр байх болно. Гэхдээ энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа биш дэмжиж байна. Олон сайхан боломжууд тусгагдсан. Шудрага татвар төлөгчийг бий болгож, татварын байцаагч нарын үүрэг нэмэгдэж байгаа юм. Миний санаа зовоод байгаа зүйл бол татварын тэгш бус байдлыг дэмжсэн асуудлуудыг яах вэ гэдэг бодлогын асуудал орхигдсон санагдсан. Хууль хэрэгжснээр эерэг үзүүлэлт бол гарна гэхдээ сөрөг талууд бас гарахыг үгүйсгэхгүй.
Сангийн яамны зүгээс татварын ил тод байдал дээр ямар асуудлуудыг тусгаад явж байгаа вэ?
Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн: Татварын ил тод байдлыг хангах энэ асуудал бол маш хурцаар тавигдаж байгаа асуудал. Монгол улс европын холбооны татварын зорилгоор хамтарч ажилдаггүй бүс нутгийн хар жагсаалтанд өнгөрсөн оны сүүлээр орсон. 2018 оны нэгдүгээр сард шуурхай арга хэмжээ аваад энэ жагсаалтнаас гарсан байгаа. Яагаад энэ жагсаалтанд орсон бэ гэхээр үндсэндээ Монгол улсын татварын орчин ил тод биш байна, мэдээлэл харилцан солилцохгүй байна. Хөгжиж буй орнуудын томоохон үндэстэн дамнасан компаниуд Монгол улсаар дамжуулаад татвараас зайлсхийх боломж байна. Монгол улсын хууль, эрх зүйн орчин татвараас зайлсхийх зохицуулалт байхгүй, ил тод байдал дутуу гэх мэтээр орсон. Харин энэ хуулийн төсөлд олон улсын стандарт, зүйл заалтуудыг тусгаж өгсөн. Шинэ багц хуулинд Монгол улс татвараа авдаг байх, ил тод, нээлттэй байх өргөн хүрээний заалтууд орсон. Тухайлбал, хууль батлагдснаар Монгол улс дэлхийн 150 оронтой татварын мэдээллийг харилцан солилцох боломжтой болно. Оффшор бүсүүдтэй ямар ч саадгүй татварын зорилгоор мэдээлэл солилцох боломж бүрдэнэ, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадны аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг бусад улсад гаргаж өгөх зэрэг нэлээн өргөн хүрээнд орсон байгаа.
Бизнес эрхлэгчдийн гаргаж буй энэ саналууд журман дээр хэрхэн тусгагдах вэ?
МХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав: Хуулийн шинэчлэл дээр одоогийн энэ татварын хууль, татварын эрх зүй ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудал яригдана. Сая ил тодын хууль батлагдахад 33 мянган аж ахуй нэгж 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, орлогоо ил гаргасан. НӨАТ-ын хууль дээр үр дүн гарч байна. НӨАТ-ын хууль бол цэвэр бүртгэлийн тухай хууль. Одоо ХХОАТ, ААНОАТ-ын хуулийг энэ бүртгэлийн систем дээр тулгуурлан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжүүд татвар төлдөг тийм систем рүү явуулна. Энэ шинэчилсэн хуулийн системийн өөрчлөлт нь эдийн засагт үр өгөөж авчрах уу гэсэн асуудал яригдаж байна. Зөвхөн НӨАТ-ын хуулийг өөрчлөхөд л төсвийн орлого 2 их наядаар давж биелэгдсэн. Энэхүү хуулиар аж ахуй нэгжүүдэд хялбаршуулсан бүртгэлийн системийг оруулж ирж байгаа. Хууль санаачлагч нарт хандаж хэлэхэд 90 хувийн буцаалт дээр ямар ч асуудал байхгүй. 654 мянган иргэнд 74 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өнгөрсөн жилийн 2 дугаар сарын 01-нд асуудалгүй өгсөн. Харин одоо бол технологийн дэвшил ярьж байгаа үед 174 мянган иргэдийн буцаан олголт гэдэг бол ямар ч асуудалгүй. Харин шинэ хууль хэрэгжснээр шударга байдал үүсэх үү гэдэг дээр УИХ-аар хэлэлцэгдээд явж байна. Одоо энэ авчирч байгаа систем маань 10 жилийн дараа өсөлтийг авчрах уу гэдэг асуудал бас хөндөгдөнө. Бид 2014 оноос хойш 4 жил алдсан. Одоо энэ системийн шинэчлэлийг хурдан хийх хэрэгтэй байна. Журмын асуудлын хувьд 40 журам сангийн яам дээр хийгдээд явж байгаа. Хууль батлагдлаа гэхэд хэлэлцүүлгийг дахиад явуулах болно. Журам бол удахгүй хийгдээд дуусах юм. Татварын багц хуулийг системээр нь харахад шудрага байдал, эдийн засгийн өсөлт талаасаа илүү сайжирсан гэж харж байна. Процессын дунд гарах асуудлыг журмаараа зохицуулна. Одоо ирэх оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжих нөхцлийг хангахын тулд хурдан л батлагдаж, хэрэгжих хэрэгтэй байна.
Эх сурвалж: МҮОНТ-Парламентын хэлэлцүүлэг
|