Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайд хэн бэ

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Намрын чуулган нээлтээ хийхэд арваад өдөр үлдлээ. Чуулганы эхэнд хуулиараа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдийг хэлэлцэнэ. Тэр дундаа Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар нөхөн сонгуулийг хойшлуулсан Цэцийн шийдвэр олны анхааралд байгаа. Гэхдээ УИХ хэдий хурдан хэлэлцсэн ч энэ сонгууль аравдугаар сард болох нь өнгөрсөн. Харин түүний дараа чуулганаар Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэх болов уу. Өнгөрсөн сард тус яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэрэгт холбогдуулан хамааралтай этгээдүүдийг нь хуулийн байгууллага шалгаж байна. Мөн тус хэрэг гарснаас гурван өдрийн дараа Дундговь аймгийн Цомог-Айраг өртөөний орчимд галт тэрэгний осол гарч байлаа. Энэ дараалсан явдлууд Зам, тээврийн хөгжлийн яамны сайд, дэд сайд нарыг ажлаа өгөхөд хүргэсэн юм. Засгийн газраас Зам, тээврийн дэд сайдаар Л.Халтарыг томилоод байгаа. Яамны бараг бүх газрын дарга нарыг хамарсан халаа сэлгээ ч шувтарлаа. Одоо хамгийн гол буюу Зам, тээврийн хөгжлийн дараагийн савд хэн бэ гэдэг асуудал анхаарлын төвд ороод байна.

Чуулганы нээлт дөхөх хэрээр нэр дэвшигчдийн талаар ил, далд шивнээ эрчээ авч байгаа. Анхандаа уг салбарын сайдаар Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав нар томилогдох тухай дуулдаж байв. Харин одоо олон нийтийн ярианаас ч, сошиал орчны зохион байгуулалттай дайралтуудаас ч харахад УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат нар шигшигдэн үлдсэн бололтой юм.

Ер нь Зам, тээврийн хөгжлийн яаманд зангаргатай, ажлыг шууд шүүрч аваад цааш явах хүн хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь өмнө нь гарсан хэрэг явдалтай холбоотойгоор хүчтэй, салбараа мэддэг, танигдсан том улстөрч гэсэн имижтэй хүн байх нь дамжиггүй. Сонгуулийн өмнөх жил хаяанд ирсэн энэ үед эрх баригч нам доторх хагаралдаанаа хойш тавьдаггүй юм гэхэд нуух хэрэгтэй болно. Энэ дагуу эрх баригч улс төрийн хүчин дараагийн сайдын асуудлаар үг хэл гаргалгүй байж байгаад шийдвэрээ гаргачих бодолтой байх шиг. Ямар ч байлаа аль илүү олон нийтэд таалагдах хүнээ томилох нь ойлгомжтой.

УИХ дахь МАН-ын дэд дарга Я.Содбаатарыг албан тушаалын зай гарах бүрт ярьдаг боллоо. Бүр УИХ дахь МАН-ын бүлгийнхээ дарга болно гэж нэг хэсэг цуурч байв. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар Зам тээврийн хөгжлийн сайд болох юм гэнэ гэсэн яриа өмнөх сайд нь ажлаа өгөхөөр мэдэгдсэн өдрөөс эхэлсэн юм. Өнөөдөр түүний сэтгүүлчдээс дөлөн, үг унагахаас болгоомжлон яваа нь үнэхээр дээрх яриа ортой юм биш үү гэсэн таамаг үүсгээд байгаа. Саяхан Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайд болгохоор Булган аймгийн Тэшиг суманд МАН-ын томчууд уулзсан тухай мэдээлэл ч сайтуудаар гарсан нь энэ таамагтай холбоотой.

Түүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, өмнө нь Үйлдвэр худалдааны дэд сайд, МХЕГ-ын дэд дарга, даргаар ажиллаж байв. Улс төрд шинэ хүн биш боловч өнөөгийн УИХ-д сонгогдоод байгаа амбицтай залуус шиг нүүрний эгнээнд гарч ирж байсан удаагүй. Энэ нь чадваргүй гэхээс илүү хувь хүнийх нь араншинтай холбоотой байх. Харин энэ удаа Зам, тээврийн хөгжлийн сайд болохоор зүтгэдэг юм гэхэд гайхах хүн гарахгүй болов уу. Угаас тэрбээр улс төрийн амьдралаа өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зуузай холбосоор ирсэн. Нэг зоосны хоёр тал гэж дүгнэдэг хүмүүс ч бий.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэх үед түүнийг Хэрэг эрхлэх газрын дарга болно гэсэн таамаг хүчтэй байлаа. Гэвч тэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг Г.Занданшатарт найр тавьсан билээ. Ойрын хүмүүсийнх нь яриагаар бол энэ Засгийн газрыг байгуулагдах үед тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болох хүсэлтэй байсан гэдэг. Магадгүй энэ үнэн байх талтай.

Тэрбээр “Монголын уул уурхайн түүх" хэмээх ном гаргаж байв. Монголын уул уурхайн салбарын түүхийг он дарааллаар нь шатлан бичсэн гурван боть ном нь тус салбартаа архивын баримтын эмхэтгэлийн хувьд тун чухал судлагдахуун болно гэж тоогдож байснаас харахад шүү дээ. Гэвч мөн л буулт хийгээд өнгөрчихсөн байдаг. Албан тушаалд ийн олонтоо яригдаж ирсэн»тэрбээр одоо Зам, тээврийн хөгжлийн сайдад яригдаж эхэллээ. Энэ удаад ч түүнийг мөн л салбарын хүн биш гэсэн үг, хэл дагалдаж таарна. Харин өрсөлдөхөөр таамаглагдаж байгаа хүн нь салбартаа олон жил ажилласан байдаг.

Тэр бол Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат. Сүүлийн үед түүнийг сайдаар ажиллах хугацаандаа туслахдаа төрөөс дэмжлэг олгуулсан гэх мэтээр зохион байгуулалттай гэж харж болохуйц мэдээлэл цацагдаж байна. Гэхдээ төвийн тогтсон мэдээллийн хэрэгслээр биш сошиал орчинд хөвөрч байгаагаас харахад үүнийг зохион байгуулсан хүн үзүүрийг нь эвхээд явахад өөрөө олдохгүйгээр хийх гэсэн нь илт. Тиймээс ч Д.Ганбатыг салбартаа эргэж очихтой холбогдуулан гутаах үйлдэл гарч байна уу гэсэн хардлага үүссэн. Хэдийгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт анх ороход нь олон нийт төдийлөн танихгүй байсан боловч тэр бол “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын мэргэжлийн сайд нарын нэг яах аргагүй мөн байлаа.

Тээврийн эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаас “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хүртлээ ажилласан. Гэхдээ сайдаар ажиллах хугацаандаа Хятадаас цоо шинэ вагон авах мөнгөөр Оросоос ашиглах хугацаа нь хэтэрсэн 1,000 вагон авах саналыг анхлан гаргасан тухай хэл аманд орж байв. Анхандаа УБТЗ ХНН-ийн тэргүүн Д.Жигжиднямаа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Д.Цогтгэрэл нарыг онилсон уг хэрэг аажимдаа сайд асан Д.Ганбатыг чиглэсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нэгэнтээ “Актлагдсан 1,000 вагон орж ирсэн нь үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-д ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. “Тухайн үед Д.Ганбат сайд журамд өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан юм билээ. Өөрчлөх хүсэлтээ явуулсныхаа дараа вагонуудаа оруулаад ирчихсэн байгаа юм. Харин ХЗДХЯ-наас зөвшөөрөөгүй, буцаагдсан юм билээ. Тэгэхээр яалт ч үгүй сайдынхаа журмыг зөрчсөн шийдвэр болчихсон байгаа юм. Энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр.

Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг егнө. Тэгэхээр актлагдсан 1,000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна” гэж байлаа. Саяхны намтрыг нь сөхвөл ийм хүмүүс л Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайд болохоор яригдаж байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин гүйцэтгэж байна. Хэчнээн чадварлаг, төрийн албаны туршлагатай байсан ч үүрэг гүйцэтгэгч хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг. Тэр ч хэрээр салбарын ажил унадаггүй юм гэхэд сайжрахгүй байгаа нь ойлгомжтой. Гэтэл энэ салбарт иргэний нисэхийг либералчлах, төмөр замуудын төслүүдийг хөдөлгөх гээд өчнөөн асуудал хүлээлтийн байдалд орчхоод байгаа. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамныхан дараагийн сайдаа хүлээж байна. Харин хэн байх бол.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595094
0 эможи

keyboard_arrow_up