А.Тлейхан: Эрчим хүчний салбарт мэргэжлийн, мэргэшсэн хүмүүс ажиллах ёстой
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, удирдлагын ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А. Тлейхантай ярилцлаа.
-Өнгөрсөн бямба гарагт “ДЦС-4” дээр саатал гар-сан. Энэ саатлын шалтгааныг тогтоосон уу гэдгээс ярилцлагаа эхэлье?
-“ДЦС-4”-ийн саатал гарсны дараа Эрчим хүчний сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг албан ёсны дүгнэлтээ удахгүй гаргана. Урьдчилсан байдлаар техник ашиглалт, сэлгэн залгалтын дүрмийг мөрдөж ажиллаагүйгээс болж саатал гарсан гэсэн дүгнэлт гараад байна. Гэхдээ энэ бол хэн нэг хүний хариуцлагагүй үйл ажиллагаа гэхээсээ илүүтэйгээр салбарын хэмжээнд авч үзэх ёстой асуудал. Ажлын хэсэг нэлээд өргөн хүрээнд олон талаас нь авч үзсэн дүгнэлт гарах болов уу гэж харж байна.
-Ер нь эрчим хүчний ажилчдын мэдлэг боловсрол муудсан, мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт олноороо орж ирсэн гэдэг шүүмжлэл бий. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Хуучин эрчим хүчний салбар маш хатуу дэглэмтэй, чанга тогтолцоотой, өндөр сахилга хариуцлагатай ажилладаг байсан. Гарсан гэмтэл, саатал болсныг судалж, дүгнэж ярилцдаг, тэр байтугай аль нэг үйлдвэр дээр гарсан осол аваарын талаарх мэдээлэл, даалгаврыг бусад бүх үйлдвэр байгууллагуудад хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сургалт дасгал хүртэл хийлгэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан.
Энэ “ДЦС-4" ТӨХК дээр гарсан энэ саатал манай эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн түвшин ямар байгааг ч бас харууллаа. Сүүлийн жилүүдэд мэргэжил, мэдлэг, туршлага шаарддаг гол ажилд мэргэжлийн бус хүн томилогдож байгаатай ч энэ асуудал холбоотой.
-Энэ дашрамд асуухад Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний сургалтын төвд их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж өгөх тушаал шийдвэр гаргаж, компаниудад албан бичиг хүргүүлсэн гэдэг шүүмжлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Эрчим хүчний салбар анх байгуулагдсан цагаасаа эхлээд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, сургах, дадлагажуулах тал дээр анхаарч ирсэн. Одоогоос 54 жилийн өмнө эрчим хүчний салбарын ажилчдад зориулсан сургалтын төв байгуулсан. Герман Улсын тусламжийн хөрөнгөөр эрчим хүчний салбарын сургалт сайжруулах төсөл 2010 онд хэрэгжиж, материаллаг баазыг бэхжүүлж, арван төрлийн лаборатори нээж, сургалт явуулдаг байсан.
Ер нь үе үеийн сайд нар сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, ажилчдыг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч ирсэн. Т.Очирхүү сайд 2005 онд салбарын ажилтан албан хаагчдын сургалтын чанарыг сайжруулах том бодлого гаргаж, түүнийгээ Эрчим хүчний хөгжлийн төвд төвлөрүүлж байсан. Тухайлбал, эрчим хүчний байгууллагууд нийт зардлынхаа 0.5 хувийг сургалтад зарцуулж, ажилчдаа сургах сайдын тушаал гарсан. Мөн П.Ганхүү сайд 2017 онд Эрчим хүчний салбарын мэргэжил сургалтын талаар баримтлах үндсэн чиглэл баталсан.
Энэ үндсэн чиглэлд мөн л эрчим хүчний байгууллагууд тодорхой хөрөнгө гаргаж, сургалтын баазаа бэхжүүлэх, ажилчдаа сургаж, дадлагажуулах ёстойг маш нарийн тодорхой зааж өгсөн. Ц.Даваасүрэн сайд ажлаа авснаасаа хойш “Мэргэжлийн ажлыг мэргэшсэн хүмүүс нь хийнэ” гэдэг бодлого барьсан. Эрчим хүчний сургалтын төвийг чанаржуулах, чадваржуулах ажлуудыг хийж эхэлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо хууль, журмыг баримтлан ажилтан албан хаагчдынхаа сургалтад хөрөнгө мөнгө шийдвэрлэх ёстойг эрчим хүчний салбарын компаниудад анхааруулж, албан бичиг өгсөн. Харамсалтай нь үүнийг бас л улстөржүүлээд хэрүүл шуугиан болгоод байна.
Эрчим хүчний салбар гэдэг тоглоом биш. Хэн нэг хүний хувийн ашиг сонирхлын дагуу хөдөлдөг салбар ч биш. Энэ салбар бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой том салбар. Энэ салбарт ажиллаж байгаа 12000 гаруй хүний сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар дээр энэ салбар оршин тогтнож байдаг юм. Тиймээс мэргэжлийн салбарт мэргэжлийн ажилчид хэрэгтэй. Энэ ажилчдыг байнга сургаж, дадлагажуулах шаардлагатай.
-Мөн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал байнга л яригддаг. Хуучин станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг иргэд нэг л сайн ойлгодоггүй.
-“ДЦС-4”, “ДЦС-3” гэх мэт цахилгаан станцыг хүмүүс насжилт өндөртэй, хуучирч муудсан гэж ойлгодог. Ашиглалтад орсон жилийг нь харвал удсан нь үнэн. Гэхдээ анхны тавьсан тоноглол шинэчлэгдэж байгаа гэдгийг иргэд маань төдийлөн сайн ойлгохгүй байна. 1990 оноос хойш манай салбарт техникийн шинэчлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт тоног төхөөрөмжийн 50 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Өнөөдөр ч энэ шинэчлэлийн ажил хийгдэж байна.
-Гэхдээ хуучин станцуудыг өргөтгөснөөс шинээр цахилгааны эх үүсвэр барьж байгуулах шаардлагатай гэж үздэг хүмүүс цөөнгүй байна?
-Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Цаашид ч хэрэглээ улам өсөн нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Шинээр цахилгаан станц барих гэхээр барьж байгуулах газраас эхлээд асар их хөрөнгө оруулалт шаардагддаг.
Гэтэл бидэнд маш бага зардлаар, хоёр дахин бага хугацаанд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж байна. Жишээлбэл, “ДЦС-4”-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх хөрөнгийг ОХУ-аас зээлж, ажлаа эхлүүлсэн. Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, дөрвөн турбины ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсах юм. Мөн "ДЦС-3” дээр 25 МВт-ын 5 дугаар турбиныг 50 МВт болгож солих, тус станцын баруун талд 50 МВт-ын нэг зуух турбин тавих, 48 МВт-ын дунд даралтын хэсгийг буулгаж, оронд нь шинээр 250 МВт-ын станц барих боломжтой.
Мөн ''ДЦС-2’’-ын суурин дээр 200 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц барих судалгааны ажлыг эрчимжүүлэх, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн ажлыг шуурхайлах, Амгалангийн дулааны станц дээр турбин генератор суурилуулан 50 МВт-ын өргөтгөл хийж, цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Энэ талаар манай мэргэжилтнүүдийн гаргасан санал, тооцоо судалгаа бий. Эхний ээлжинд хөрөнгө оруулалт бага шаардсан, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой ажлуудаа өөрсдийн нөөц бололцоог дайчлан хийх хэрэгтэй.
Цахилгаан станцуудыг өргөтгөх асуудлыг Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчих юм бол тоноглолуудаа захиалж, бэлтгэлээ хангаад дараа жил, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулах боломжтой. Энэ өргөтгөлүүдийг хийхэд шинэ станц барьж байгуулснаас хоёр дахин хямд зардал гарна, бас хоёр дахин бага хугацаа зарцуулна. Мөн Засгийн газар дэмжиж, Хөгжлийн банк баталгаа гаргаж өгвөл Тэлмэнгийн 100 МВт-ын чадал бүхий дулааны цахилгаан станцыг 18 сарын дотор барьж ашиглалтад оруулах боломжтой байгаа.
-Эрчим хүчний бүтээн байгуулалт хийх том, том төслүүдийн сураг сонсогддог. Гэвч хэрэгжилт тун муу байх юм. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Аливаа зүйл олон талтай. Гадна, дотно шалтгаан нөхцөлүүд бий. Нэгдүгээрт, асар их хөрөнгө оруулалт шаардагддаг. Хоёрдугаарт, мэргэжлийн бус хүмүүс бодит нөхцөл байдалтай уялдаагүй, хийсвэр том том төслүүдийг гаргаж ирдэг. Түүнийгээ тойрч хэрэлдэж, болно, болохгүй гэж маргалдсаар цаг хугацаа алддаг. Зарим төслүүд дээр хэтэрхий их улстөрждөг зэрэг олон шалтгаанаас болж томоохон төслүүд хэрэгжиж чадахгүй байна.
-Сая “ДЦС-4” дээр саатал гарсны дараа Багануурын цахилгаан станцыг яаралтай барихгүй бол болохгүй юм байна гэсэн яриа маш их гарсан. Энэ цахилгаан станцын ажил яагаад удаашраад байгаа юм бол?
-Саяхан ажлын хэсэг гарч, Багануурын уурхайг түшиглэж барих цахилгаан станцын төслийг судалж, дүгнэлтээ гаргасан. Үнэхээр л засаж сайжруулахаас өөр аргагүй зүйлүүд гарч ирсэн. Нэгдүгээрт, Багануурын уурхайг түшиглэн тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр зэрэгцээ турбин бүхий нийтдээ 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина гэж тесөлд тусгасан. Гэтэл манай эрчим хүчинд ашиглагдаж байгаа турбины хамгийн их хүчин чадал нь 123 МВт байгаа.
Энгийн үгээр тайлбарлахад Багануурын дулааны цахилгаан станцын 350 МВт-ын турбинтай манай “ДЦС-4”-ийн 123 МВт-ын турбин зэрэгцэж ажиллана гэсэн үг. Багануурын дулааны цахилгаан станц.дээр нэг гэмтэл, саатал гарахад төвийн эрчим хүчний системд савалт өгч, тэр чигээрээ савлаж бүрэн зогсох аюул бий. Сая “ДЦС-4” гэнэт бүрэн зогсоход бусад цахилгаан станцууд дээр саатал гарч байгаа шиг л зүйл болно. Тиймээс Багануурын цахилгаан станц дээр 350 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулж болохгүй. Өнөөдрийн байдлаар 200 МВт-аас доош хүчин чадалтай турбиныг суурилуулах шаардлагатай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан.
Өөрөөр хэлбэл төсөл энэ хэвээрээ хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний системийн аюулгүй найдвартай ажиллагаанд эрсдэл үүснэ гэсэн үг. Энэ төслийг дэмжихгүй байх хоёр дахь шалтгаан нь “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-нд байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид “Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгаан эрчим хүчийг худалдаж авна гэсэн гэрээг “Диспетчерийн үндэсний төв" ХХК-тай байгуулсан.
Гэрээний дагуу Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгааныг бүгдийг нь худалдаж авахын тулд “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн зарим хэсгийг зогсооход хүрнэ. Одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудаа зогсоогоод Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгааныг худалдаж авъя гэж бодоход хэрэглэгчдийн цахилгааны үнэ тариф бараг хоёр дахин нэмэгдэнэ. Учир нь өнөөдөр ажиллаж байгаа “ДЦС-3”, “ДЦС-4” бүгд анх баригдсан өртгөө нөхчихсөн учраас зөвхөн үйл ажиллагааны зардал л үнэ тарифт нь шингэсэн байдаг.
Харин шинээр баригдаж байгаа цахилгаан станцын зардал дээр хөрөнгө оруулалтын зардал давхар нэмэгдэх учраас цахилгаан эрчим хүчний үнэ тариф ч өндөр гарч ирнэ. Тиймээс худалдах худалдан авах гэрээг шинэчилж, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-аас өгсөн горимын дагуу үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авна гэсэн заалтыг гэрээндээ суулгаж өгөх хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхгүйгээр Багануурын цахилгаан станцыг барих нь эрсдэлтэй.
-Монгол Улс. сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Гэтэл яагаад энэ нөөцөө. ашиглаж чадахгүй байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц байна. Гэтэл үүнийгээ ашиглах гэхээр хоёр том асуудал гарч ирсэн. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Манай улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай. Энэ хуулинд “Нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн нэг кВт.ц цахилгааныг 15-18 центээр, Салхин цахилгаан станцаас гарсан цахилгааныг 8-9.5 центээр худалдаж авна” гэж үнэ тарифыг нь нарийн хуульчилж өгсөн. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд 2015 онд өөрчлөлт орж, дэмжих тарифыг мөрдөж эхэлсэн.
Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орсны дараа дэмжих тарифыг анх дөрвөн төгрөгөөр тогтоож байсан юм билээ. Дэмжих тариф өөрөө тогтмол тариф биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт нэгдсэн сүлжээнд нэмэгдээд байвал хэрэглэгчээс авах дэмжих тарифын төлбөр нэмэгдэнэ.
Өнгөрсөн онд Цогтцэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станц шинээр ашиглалтад орж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн учраас дэмжих тарифт өөрчлөлт орж, хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 1-1.8 төгрөгийн дэмжих тариф төлж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 120 MBт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ажиллаж байна. Энэ онд нийт 40 МВт-ын чадалтай нарны гурван эх үүсвэр, Сайншандад 55 МВт-ын салхины станц ашиглалтад орно. Үүнээс болж дэмжих тариф 7.73 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байна.
Хоёр дахь асуудал нь горим ажиллагаа. Манай эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангахтай холбоотойгоор 250 МВт-аас илүү сэргээгдэх эрчим хүчний чадлыг системд авах боломжгүй. Үнэ тариф, горим ажиллагаа гэсэн хоёр шалтгаанаас үүдэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бид сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхийн тулд бага чадлын тархмал эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх, нарны эх үүсвэрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэх, нар, салхины томоохон чадлын эх үүсвэр барьж гаргасан цахилгааныг экспортлох зэргээр цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх маш их боломж бий.
-Дотооддоо үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүч, импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ тариф хэр их зөрүүтэй вэ?
-Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж байгаа нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 150 төгрөг, ОХУ-аас импортоор авч байгаа нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 211 төгрөг. Гэтэл нарны цахилгаан станцын нэг кВт.ц эрчим хүчний үнэ 404 төгрөг, салхин станцын үйлдвэрлэсэн нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 250 төгрөг байна.
Дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байна. Гэтэл Монголд эсрэгээрээ өсч байгаа. Аливаа үнийг хуулиар тогтоодог тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний үнийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэж байж сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах нөхцөл бүрдэнэ. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 215 МВт-д хүрлээ. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод “Сэргээгдэх эрчим хүчний” эзлэх хувийг 2020 онд 20 хувьд хүргэнэ гэсэн зорилт үндсэндээ хэрэгжиж байгаа юм.
-Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын хөгжлийн талаарх бодлогын асуудлыг их ярих болсон. Энэ асуудал үнэхээр бодитой, шаардлагатай зүйл үү?
-Ц.Даваасүрэн сайд цахилгааны инженер хүн, Төвийн бүсийн эрчим хүчний системд ажиллаж, туршлага хуримтлуулсан мэргэжлийн хүн. Мэргэжлийн хүн, мэргэжлийн асуудлыг илүү нухацтай олж харж, шийдвэрлэх гарц, гаргалгааг бодож, төлөвлөж чаддаг юм байна гэж эрчим хүчний салбарынхан үнэлж байгаа. Ц.Даваасүрэн сайдаар томилогдсон даруйдаа эрчим хүчний системийг бие даасан, тогтвортой байх ёстой гэсэн бодлогыг гаргаж ирж, дэвшүүлж тавьсан.
Тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулахын тулд 300 МВт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулах, нар, салхины эх үүсвэрүүдийн нөлөөллийг багасгахын тулд 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний хуримтлууртай болох асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байна.
Мөн мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг үндэслэн Багануур, Оюутолгой, Тавантолгойн шинэ цахилгаан станцуудыг барьж байгуулах, одоо ажиллаж байгаа станцуудыг өргөтгөх саналыг Засгийн газарт хүргүүлээд байна. Салбарын ажлыг мэргэжлийн хүн хийх ёстой, мэргэжилтнүүдийг байнга сургаж, чадавхжуулах ёстой. Үүний тулд сургалтын бааз сууриа бэхжүүлж явах учиртай гэсэн бодлого баримталж байгаа.
-Монголчууд томоохон усан цахилгаан станцтай болох гэж олон жил мөрөөдөж байна. Эгийн голын, Шүрэнгийн гэх мэт олон цахилгаан станцын төсөл зогссон. Цаашид усан цахилгаан станц байгуулах боломж бидэнд бий юу?
-Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Харамсалтай нь Эгийн гол, Шүрэнгийн гол дээр баригдах томоохон цахилгаан станцууд гадны улс орны нөлөөгөөр зогсонги байдалд орсон. Тиймээс Эрчим хүчний сайдын шийдвэрээр усан цахилгаан станц барих өөр боломжуудыг судлах ажлын хэсэг гарч, судалгаа хийж байна. Эхний дүгнэлтүүд гарч ирж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монголоос эх аваад, Монголдоо цутгадаг голуудыг түшиглэн 20 гаруй усан цахилгаан станц барих боломж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 64 МВт-ын хүчин чадалтай, Баян-Өлгий аймгийн Тавалтайн хавцалд 92 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ нь гарсан. Усан цахилгаан станцууд баригдах боломж их бий. Ц.Даваасүрэн сайдын санаачилгаар “Усан цахилгаан станцыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.
-Эрчим хүчний тухай ярихаар үнэ тарифын талаар ярих хэрэгтэй болдог. Монголд хүчний үнэ хямд уу, үнэтэй юу гэсэн маргаан гарч ирдэг. Та бол Эрчим хүчний үнэ тарифыг баталдаг хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч үйлдвэрлэх дамжуулах, түгээх, хангах зэрэг 12 төрлийн тусгай зөвшөөрөл олгохоос гадна хуулинд заасан үнэ тариф тогтоох зарчмыг баримтлан хэрэглэгчдэд дарамт болохгүй, үйлдвэрлэгчийн эдийн засгийн чадавхыг хангах хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг баталдаг. Өнөөдөр Монгол Улсад цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй хямд. Дунджаар тооцоход зургаан цент орчим буюу 145 төгрөг байгаа.
Хоёр хөрштэй харьцуулах юм бол хоёр дахин бага, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дөрвөөс тав дахин бага үнээр хэрэглэгчид маань цахилгаан эрчим хүчийг худалдаж авч байна. Эрчим хүчний зохицуулах хороонд эрчим хүч үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч, байгууллагуудаас эрчим хүчний үнэ тарифыг нэмүүлэх санал ирдэг.
Мөн нүүрсний уурхайнууд нүүрсний үнийг нэмсэнгүй гэсэн гомдол байнга гаргадаг. Бид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчид хоёрын эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах үүрэг хүлээсэн улс. Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг тогтоохдоо маш нарийн судалгаа хийж, тооцоо гаргаж ажилладаг.
-Өнгөрсөн жил агаарын бохирдолтой холбоотойгоор шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн. Энэ хөнгөлөлт энэ онд үргэлжлэх үү?
-Засгийн газраас баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон.
Энэ журмын дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ. Энэхүү хөнгөлөлтөд шаардлагатай 9.2 тэрбум төгрөгийг Засгийн газар Улсын төсвөөс олгож байгаа.