Багш, эмч нарын цалинг 8 хувь, сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэхээр боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдааны дундуур мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа учраас УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж байна” гэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.