ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна
Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгаж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ нь Засгийн газрын 2017 оны аравдугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагчид, албан тушгаалтнуудтай холбоотой иргэдээс гомдол мэдээлэл багагүй ирэх болсон, онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг ЗТХЯ-нд гарсан зэрэгтэй холбоотой аж.
Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянахаар болжээ.
Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх, ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах юм.
Улмаар төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх талаар ажилласан байдал, удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн яамдын удирдлагууд, ажилтнуудад танилцуулах юм. Мөн ЗГХЭГ-ын удирдлагууд болон Ерөнхий сайдад танилцуулж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх юм. Шалгалтын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.