Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ
Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгохоор болов. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө.
”Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин /20-25 ам.доллараар хямд/ бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм.
Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш ажил зогсоод байгаа юм. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөөд байна. Төмөр замыг барьж дуусахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилов.
Одоогоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэлээ хангаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан энэ ажлыг хийх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүсчээ. Иймээс энэ чиглэлээр шуурхай ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд болон компанийн удирдлагуудад даалгав.
Сургууль, цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр худалдаж авна
Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Нарны хороолол”-ын хойно “Гранд слаб” компанийн барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болов. Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дээрх сургууль, цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, дүрмийг нь батлан, есдүгээр сараас ажиллуулж эхлэхийг салбарын сайдад даалгалаа.
Баянгол дүүргийн III хороо 13 мянга гаруй хүн амтай бөгөөд “Нарны хороолол” буюу Үйлдвэрийн төвийн бүсэд 5700 хүн амьдардаг. Үүнээс 4780 нь 0-18 насны хүүхэд юм. Сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”, “Гранд вилл”, “Цагдаа”, “Есөн эрдэнэ”, “Уран ган”, “Алтай” хотхоны хүүхэд, багачууд сурч, хүмүүжих боломж бүрдэж байна.
Засгийн газар “Анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ өндөр хот, сууринд хөрөнгө оруулалт төвлөрүүлж, шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлээр ажиллана” гэж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм.
Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй сая төгрөг зарцуулна
Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдад томилолтын зардал олгоно
Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Мөн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтлоо.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг батлав
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбай нь үнэт, өнгөт, ховор, хүнд металл болон нүүрс гэсэн хэтийн төлөвтэй байх нь . Энэ нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна.
Талбайн солбилцлыг баталснаар энэ онд 170 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлах юм. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа 25-30 орчим /талбайн дундаж хэмжээ 5000 гектар/ талбайд сонгон шалгаруулалт явуулж улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.
Сонгон шалгаруулалтаар олгох 8.48 сая гектар талбай нь нийт нутаг дэвсгэрийн 5.56 хувь бөгөөд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газар, улсын нөөцөд авсан талбайтай давхцаагүй байна.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ
Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.
Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.
Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.
Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.
Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.
Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.
“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.
Товч мэдээ
- 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын саналыг хэлэлцэв. Асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Төлөөлөгчийн газар байгуулах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав.
- Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ төслийг батлавал 40 гаруй жил ашиглаж байгаа дэд станцуудын тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэх юм.
- Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрийн хүрээнд байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэн, багш нараа харилцан солилцож, туршлагаа хуваалцан, уулзалт, бага хурал зохион байгуулах юм.
- “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхээр болов. Хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлнэ.
- Энэ сарын 20-23-нд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хурал болно. Хуралдаанаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.
- ОХУ-ын Пермь хотод болдог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бүжигчин Р.Булган, Бүгд Найрамдах Чех Улсад зохиодог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт мөнгөн шагнал олгохоор болов.