2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг хориглох тухай ТОГТООЛ
2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 62
ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ
Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.
2.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай.
3.Боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ