”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.
Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг гэрээнд нэмж тусгахаар болсон байна.
“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.