Х.Баделхан: Улаанбаатар хотын төв хэсэгт газрын суурь үнэ 2-3 дахин өссөн
Газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоогоод байна. 1996 оноос хойш шинэчлэгдээгүй байсан үнэлгээ төлбөр хэрхэн тогтоогдсон талаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар газрын суурь үнэтэй холбоотой чухал шийдвэр гаргасан. Одоогийн мөрдөж байгаа газрын үнийг 1997 онд тогтоосон. Тухайн үед хөдөө аж ахуйн болон Улаанбаатар хотын газрын үнийг тусд нь тогтоож, хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хангайн уулархаг, алтайн уулархаг, хээр тал, талын бүс гэж хуваан үнэ тогтоосон байдаг. Ингэхдээ бэлчээрийн, тариалангийн, хадлангийн гэсэн гурван төрлийн үнэ тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотын 1 га газрын суурь үнийг 440 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Газар хувьчлалын тухай хууль гэж баталсан. Тиймээс үнийг өөрчлөх зайлшгүй шаардлага байсан. Ингээд хөдөө аж ахуйн газрыг нийт 31 бүсэд хуваасан. Тухайлбал, Алтайн уулархаг бүсийг дотор нь 10 гаруй бүс болгон хуваах жишээтэй. Уул, тал, үржил шимийг нь харж үнэ тогтоосон. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 16 бүсэд хуваасан. Ингэхдээ төвийн инженерийн шугам, сүлжээтэй зэргийг харгалзан үзлээ. Нийслэлийн 16 бүс дотор төсвийн байгууллага, бизнес, орон сууц барих гэх мэтээр 17 зориулалтыг зааж үнийг тус бүрт нь тогтоож байгаа.
Цаашид хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг долоон жилд нэг удаа, Улаанбаатарын хотын газрын үнийг хоёр жилд нэг удаа өөрчлөх журам оруулсан. Мөн газрын үнэлгээний журамд өөрчлөлт орсон байгаа."хэмээлээ.